Олон улсын хөрсний жил, дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан “Монгол орны хөрс, газрын гадарга” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг МУИС-ын ХШУИС, Байгаль орчны мэдээлэл, сургалт, судалгааны төв, ХААИС, Газарзүй – Геоэкологийн хүрээлэн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хамтран зохион байгууллаа.
Тус хуралд БОНХАЖЯ, МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, АШУҮИС, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн, Ховд их сургууль зэрэг нийт 15 байгууллагын судлаач, эрдэмтэд (43), оюутан (50) оролцлоо. Хурлаар хөрс хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болон хөрсний талаар цаашид баримтлах бодлого чиглэлийн асуудлыг хэлэлцлээ.
Академич Д.Доржготов “Монгол орны хөрсний судалгааны түүхэн хөгжил” сэдвээр илтгэл тавьж, судлаач, оюутнууддаа үнэтэй зөвлөгөө өгсөн нь үе үеийн судлаачдын талархалыг хүлээлээ. Хурлаар хөрс хамгаалал, хөрсний доройтол, талхлагдалтай тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого болон хөрсний судлалын судалгааны ажлуудын үр дүнгийн талаар нийт 22 илтгэл тавигдаж хэлэлцэгдлээ.
Хурлын үйл ажиллагааг Монголын үндэсний телевиз, Parlament TY гэх зэрэг нийт 15 телевиз, сониноор сурталчилж, судалгааны үр дүнг төрийн бодлого шийдвэртэй холбох зэрэг мэргэжлийн судлаачдын санаа бодлыг тусгасан зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов. Хурал зохион байгуулсан байгууллагууд жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдөр буюу дэлхийн хөрсний өдөр энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.