МУИС-д энэ хичээлийн жилд Багш мэргэжлийн 7 хөтөлбөрөөр 700 гаруй оюутан суралцаж буй бөгөөд багш мэргэжлийн анги нь бусад мэргэжлийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад салбар шинжлэх ухааны судлагдахууны цаг бага, үндсэн мэргэжлийн чиглэл зөрүүтэй зэрэг онцлогоос шалтгаалан оюутны эрдэм шинжилгээний хурлуудаас орхигддог сул талтай байдаг. Тиймээс тэдний онолын мэдлэг, багшлах болон судалгаа шинжилгээ хийх арга зүйн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Боловсрол, Сэтгэл судлалын тэнхмээс жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.
Энэ жилийн хурал 12 дугаар сарын 11-ний Баасан гарагт болж 6 хөтөлбөр, ангийн 12 оюутан бүтээлээ ирүүлж оролцсоноос Математикийн багшийн ангийн оюутан Л.Янжинлхам “ЕБС-ийн шинэчилсэн хөтөлбөрөөр геометрийн хичээл заах асуудалд” бүтээлээр 1-р байр, Биологи, байгаль шинжлэлийн багшийн ангийн оюутан Х.Болортуяа “Монголын өсвөр насны сурагчдын айдас” бүтээлээр 2-р байр тус тус эзэллээ. Мөн Багш, түүх нийгэм судлалын ангийн оюутан Г.Лхагва, Математикийн багшийн ангийн оюутан Т.Нямтогтох нар удаах байруудад шалгарлаа.
Хуралд МУБИС-ийн Боловсрол судлал, арга зүйн тэнхмийн багш, доктор Ч.Байгалмаа зочин шүүгчээр оролцож багш оюутнуудтай МУБИС дахь оюутны эрдэм судлалын ажлын талаар туршлага солилцов. Хуралд бүтээлээ ирүүлсэн оюутан багш, удирдагч багш нар болон хүрэлцэн ирсэн Ч.Баттулга, Ч.Нямгэрэл, Ж.Даваа багш, үзэгч дэмжигчээр оролцсон бусад оюутнуудад талархал илэрхийлье.