Хууль зүйн сургууль, Бизнесийн сургуулийн оюутнууд хамтран өнгөрсөн 11 сард “JUS СУДЛАЛ” нэртэй клубыг шинээр байгуулав. Энэхүү клубын зорилго нь хууль эрх зүйн судалгаа хийх, судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, оновчтой санал, хувилбар дэвшүүлэх юм.
Одоогоор клуб 13 гишүүнтэй. Тэдний 8 нь хуулийн, 5 нь бизнесийн сургуулийнх. Тус клубын үйл ажиллагаа оюутан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг хууль эрх зүй сонирхогч хэн бүхэнд зориулагдана. Тэд багш, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, бусад клубтэй хамтран судалгаа хийх, сургалт, семинар, хурал зөвлөлгөөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Залуус анхны ажлаа Хууль зүйн сургууль байгуулагдсаны 55 жилийн ойд зориулж “Монгол улсын үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн лавлах” нэртэй эмхэтгэлийг гаргасан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн анхны шийдвэрээс эхлээд 2015 оны 11 сар хүртэлх “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдсэн мэдээллийг багтаасан бөгөөд энэ нь уншигчид богино хугацаанд ихийг мэдэх, ойлгоход хялбар бүтээл болж чаджээ.
Удаах ажлаа 2016 оны эхний сард гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа бүтээлч, санаачлагатай оюутнуудынхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.