МУИС-ийн эрдмийн хамт олонд
Улиран одож буй 2015 он МУИС-ийн сургалт, судалгааны орчин шинэ лаборатори багаж төхөөрөмжөөр баяжиж, судалгааны ажлыг дэмжсэн санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, оюутанд үзүүлэх үйлчилгээний төрөл хүрээгээ өргөжүүлж, багш нарын маань бүтээл арвижсан он байлаа. Манай орны эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд МУИС-ийн багш нар олон улсын мэргэжлийн сэтгүүлд хамгийн олон бүтээл хэвлүүлж, профессор П.Энхбаярын бүтээл Томсон Ройтерсийн “Төв азийн мужаас шалгарсан дэлхийн судлаач” номинацаар шалгарч, 2015 оны Шинжлэх ухааны лидер” болсон нь монголын эрдэмтдээс олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөний нотолгоо болов.
2015 онд дэлхий дахинд хүмүүс хамтын амьдралын нийтлэг үнэт зүйлсээ дахин дэнсэлж, дайн энх, итгэл үнэмшил шашин шүтлэгийн хүлцэл, эдийн засгийн төдийгүй амьдралын бүхий л хүрээг хамарсан харилцан хамаарал, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдлын асуудал халуун сэдэв болсоноор тэмдэглэгдэн үлдэж байна. Монголчууд бид эх орныхоо хөгжлийн ирээдүйг өргөн хэлэлцэж, оны эхэнд Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д мэдлэгт суурилсан хөгжлийг үндсэн чиг баримжаа болгон тодорхойлов. Энэ бүхэн нь аливаа асуудлаар шинжлэх ухаанч шинжилгээ дүгнэлтэд тулгуурласан шийдэл сонголт хийхийн ач холбогдлыг тодотгож, үүнд мэдлэгийн институцийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгааг харуулав. Монгол Улс шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем бүрдүүлэх бодитой алхмууд хийж, дэлхийн тэргүүлэх их сургууль – Массчусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааг эхлүүллээ. Ийнхүү өнгөрч буй онд өрнөсөн үйл явц МУИС-ийг эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд байр сууриа бататгаж, дэлхийн хэмжээний академик байгууллага болох нэр хүндтэй үүргийг албан ёсоор баталгаажуулж байна. Үүнийг тусгасан МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийг МУИС-ийн Удирдах зөвлөл оны босгон дээр хэлэлцэн баталлаа. Энэ нь нэн түрүүнд манай оюутнуудын эзэмших боловсрол, профессор багш нарын бүтээл туурвил, нийгмийн үйлчилгээний чанарын түвшинд тавьж буй шаардлага, хүргэх үр дүнгийн тухай захиалга болж байна.
Угтан ирж буй 2016 онд МУИС-ийн оюутан суралцагч, профессор багш, ажилтан ажилчид Та бид амжилт бүтээлийн шинэ оргилд хүрч, эрдмийн их үйлсийн маань үр өгөөж арвижин дэвжинэ гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ