Шинэ оны анхны эрдэм шинжилгээний бага хурлыг “Шилжин суурьшигчид ба шашин” сэдвээр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Солонгосын Дэйгү Католик Их Сургуулийн Олон соёлын судалгааны хүрээлэн, Шашин судлаачдын Монголын нийгэмлэг хамтран 2015 оны 1сарын 9-ний өдөр зохион байгуулав. Тус хурлыг нээж Философи, шашин судлалын тэнхмийн эрхлэгч Дэд Проф. Б.Дагзмаа үг хэлсний дараа Дэд Проф. С.Цэдэндамба, Др. Пак Жонгсоо, судлаач Ж.Алтайбаатар, Н.Наранбаатар нар
- “Улс хоорондын иргэдийн шилжилт хөдөлгөөн ба соёлын солилцоо: шашны асуудал”,
- “Монголд амьдарч буй гадаад иргэдийн шашны асуудал”,
- “Монгол эмэгтэйчүүдийн ‘Солонгос иргэн болох’ явц дахь шашны байгууллагын үүргийн талаархи судалгаа”,
- “Солонгос дахь Монгол иргэдийн шашны амьдрал (Галил монгол цуглааны жишээн дээр)” зэрэг сэдвээр илтгэлүүдээ тавьж хэлэлцүүллээ.
Хурлын явцад МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, Дэд Проф.Б.Дагзмаа, Солонгосын Дэйгү Католик Их Сургуулийн Олон соёлын судалгааны хүрээлэнгийн судлаач Др. Пак Жонгсоо нар хоёр тал Олон соёл судлалын талаар хамтран судалгаа хийх, харилцан мэдээлэл, эрдэм шинжилгээний сэтгүүлээ солилцож хамтран ажиллахаар гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурав. Хуралд Философи, шашин судлалын тэнхмийн багш нар, бакалавр, төгсөлтийн дараахи сургалтын оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл идэвхтэй оролцлоо.