Хар тамхи, мансуурах бодис хэрэглэх, хадгалах, зарж борлуулах зэрэг гэмт хэрэгт өсвөр насныхан, залуучууд холбогдох явдал нийлээдгүй гарах болж, нийгмийн хурц асуудлын нэгэнд тооцогдох боллоо. Их дээд сургуулийн оюутнууд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй бүлгийн тоонд багтана хэмээн судлаачид үзэж байна.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Захирлын нэр дээр ирсэн Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар мэдэгдэл, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар мэдэгдлүүдээр тус сургуулийн оюутан А, Э нарт Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1[1] -д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-д 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноосон, Э-гийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай мэдээлэл ирүүлжээ.
Хар тамхи гэж юу вэ?
Хар тамхи, мансууруулах бодис бол хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай бодис бөгөөд хүнийг богино хугацаанд донтуулан хамааралтай болгох замаар нийгмээс тусгаарлан хордуулж улмаар үхлийн аюулд хүргэдэг аж. Хар тамхи, мансууруулах бодисоос өөрийгөө болон найз нөхөд, хайртай дотно нэгнээ хамгаалах хамгийн шилдэг арга бол энэ хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвартай болох явдал билээ.
Иймд оюутнууд Та бүхэн аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалахад суралцаж, МУИС-ийн Оюутны албанаас 2016 оны хаврын улиралд зохион байгуулах сургалтуудад идэвхитэй хамрагдан, хамтран оролцохыг урьж байна.
Сургалтын тухай мэдээлэл www.student.num.edu.mn хаягаар зарлагдах болно.
МУИС-ийн захиргаа, Оюутны алба
[1] / 192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./