МУИС-ийн ОУХНУС үүсгэн байгуулагдсан 25 жилийнхээ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагад ажиллах олон зуун манлайлагчдыг бэлтгэн гаргасан билээ. Манай төгсөгчдийн дундаас Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайд М.Батсайхан, Тайланд улсад суугаа элчин сайд Т.Төгсбилгүүн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Далайжаргал, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Хера Холдинг группын ерөнхий захирал Х.Ганхуяг нарын олон бахархалт төгсөгчид төрөн гарсан.
Бид энэхүү уламжлалыг цаашид улам бэхжүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг тодруулах, оюутнуудын амжилттай суралцах, нийгэмд тустай үйлсэд оролцох идэвхийг өрнүүлэх үүднээс жил бүр төгсөх ангийн оюутнуудыг тодорхой шалгуураар шалгаруулж, Захирлын нэрэмжит манлайллын сертификат олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байна.
Дараахи шаардлагыг хангасан төгсөх ангийн оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүнд:
- Суралцсан дүнгийн голч 3.6 буюу түүнээс дээш
- Суралцах хугацаандаа улс, аймаг, хот, дүүргийн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцон тодорхой амжилт гаргасан байх
- Олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагад сонгуульт үүрэг хүлээдэг байх
- Нийгэм, олон нийтэд чиглэсэн ажилд тэргүүлэн оролцдог байх
- Гадаад хэлний мэдлэгтэй байх (TOEFL IBT-80 буюу түүнээс дээш, IELTS- 6 буюу түүнээс дээш, HSK-4 буюу түүнээс дээш, TOPIK-4 буюу түүнээс дээш, J-Test 4 буюу түүнээс дээш, TCF-3 буюу түүнээс дээш)
- Манлайллын чиглэлээр ямар нэг сургалт, курс дүүргэсэн байх
- Coursera, Stanford online зэрэг онлайн сургалт
- Зориг сан гэх мэт ТББ-даас зохион байгуулдаг манлайллын сургалт
- 2016 оны 1-р сарын 27-29-нд ОУХНУС-иас зохион байгуулах Манлайллын сургалт
МУИС-ийн ОУХНУС дээр анх удаа хэрэгжих гэж буй энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараахи материалыг бүрдүүлэн 2016 оны 1-р сарын 6-ны дотор багш Б.Баттогтох, Д.Оюунсүрэн ирүүлнэ үү. Үүнд:
- Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл
- 2 хүний тодорхойлох захидал
- Холбогдох нотлох баримтууд
МУИС-ОУХНУС