МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын заал АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-гийн жишиг стандартад нийцэн шинэчлэгдлээ. Спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд болоод багш ажилтан албан хаагч, оюутан залуу, МУИС-ийг төгссөн үе үеийн тамирчид, монголын сагсан бөмбөгийн холбооныхон нэгэн дор цуглаж будаг нь ханхалсан шинэ спорт заалыг ашиглалтад оруулсан түүхэн өдөр болж өнгөрлөө. Их дээд сургуулиудын дунд анх удаа олон улсын жишигт нийцсэн стандарт спорт заалыг МУИС ашиглалтад оруулж буйгаараа ихээхэн онцлогтой.
NBA (АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны дэвжээ болох модон шалыг (Connor sport) МУИС-ийн спортын зааланд суурилуулсан бөгөөд нийт 800 м2 бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорт корт нийлүүлэн тус компанийн мэргэжилтний удирдлаган дор Юнимат компанийн суурилуулалтын баг угсарч МУИС-д хүлээлгэн өглөө.
Хойд Америкт ургадаг агч мод нь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Коннор спорт кортын шал неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шал юм.
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТАВИГДСАН ШАЛ БОЛОХООР ТАМИРЧДЫН АМЖИЛТ УЛАМ САЙН АХИНА
МУИС-ийн оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат: “Бид бүхэн өнөөдөр баяртай байна. Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох NBA-гийн стандарт нийцсэн шалыг Америкийн компанийн лицензийн дагуу МУИС авч хийлээ. Энэхүү агч модон шалыг суурилуулахад маш нарийн ажиллагаа байдаг юм байна. Заалны чийгшилт хүртэл хамаатай. Суурь шал нь хэдэн см байх вэ гээд маш нарийн стандартын дагуу байдаг. Монголд анх удаа хийж байгаа учраас хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил байлаа. Энэхүү шалыг үйлдвэрлэдэг компаниас хоёр удаа шалгалт хийж, зөвшөөрөл өгсөн. Шалыг Юнимат компанийн суурилууллаа. Бид өнгөрсөн хавраас эхлэн шалны бэлтгэл ажлыг хийсэн. Энэхүү талбай дээр тоглож буй тоглогчид зөвхөн МУИС-ийнх биш байх болно. Энэ бол Монгол Улсад анх удаа тавигдсан шал болохоор тамирчдын маань амжилт улам сайн ахина гэдэгт итгэж байна. Самбар, цагираг, гэрэл гээд шинэчлэгдсэн зүйл их байна. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа.” хэмээлээ.
МУИС-ийн спорт заал анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй агаад өнөөдөр АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны албан ёсны түнш Коннор спортын агч модон шалтай болоод буй нь энэ юм.
Дашрамд дурьдахад МУИС-ийн багш ажилчдын спортын бага наадам 2016 оны 1 дүгээр сарын 15-24 ны хороонд болох бөгөөд байгууллагын спортын аварга баг тамирчдаа тодруулах юм.