Эрдэм шинжилгээний дэлхийд тэргүүлэгч онлайн мэдээллийн платформ болох Springer болон иш таталтын менежментийн систем болох Zotero-г хэрхэн ашиглах талаар “Springer training” сургалтыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс болон Монголын Номын Сангуудын Консорциум хамтран 2016 оны 1-р сарын 28-ны өдөр МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд зохион байгууллаа. Сургалтад нийт МУИС-ийн 58 багш, судлаачид оролцож, өөрсдийн компьютер дээр даган ажиллаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Сургалт семинарыг нээж Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив хэлэхдээ “Дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай судлаач болохын тулд олон улсад нэр хүндтэй, тэргүүлэгч судалгааны платформуудын ашиглалтыг сайжруулах, захиалсан онлайн мэдээллийн системүүдийг үр ашигтай хэрэглэх, ишлэлийн менежментийн системийг хэрэглэж, хөдөлмөрөө хөнгөвчлөх, түүнийгээ цаашид оюутан суралцагсдад дамжуулан зааж өгөхөд анхаарах хэрэгтэй” гэв.
Монголын Номын Сангуудын Консорциум нь Монгол Улсын номын сан, мэдээллийн төвүүдийн санаачлагаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, цахим мэдээллийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, бүх нийтэд мэдээллийг тэгш хүртээх зорилго бүхий төрийн бус байгууллага ба тус консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга тус сургалт семинарыг удирдан явууллаа.
Сургалтаар
- Springer-ийн орчин: Танилцуулга болон сэтгүүл ба электрон мэдээллийн зах зээлд Springer-ийн эзлэх байр суурь
- SpringerLink: Танилцуулга ба туршилт
- Zotero: Судалгааны эх сурвалжийг цуглуулах, зохион байгуулах, иш татах болон бусадтай хуваалцах, туршилт
зэрэг сэдвээр олон сонирхолтой мэдээлэл танилцуулж, хамтран туршилт хийсэн нь судлаач багш нарын хувьд ихээхэн үр дүнтэй сургалт боллоо. Сургалт семинарт түрүүлж бүртгүүлэн оролцсон багш нарт Springer брэндийн дурсгалын зүйлийг бас гардуулсан юм.
Цаашид энэ сургалтыг магистр, докторын түвшний суралцагсдад зориулан явуулахаар төлөвлөж байна.
Илүү дэлгэрэнгүйг:
- http://link.springer.com/
- http://resource-cms.springer.com/springer-cms/rest/v1/content/42890/data/v1/SpringerLink+brochure
МУИС-ийн захиалсан онлайн мэдээллийн сангуудыг: https://news.num.edu.mn/?page_id=31121