ЭМГЭНЭЛ

Share Button

emgenelМУИС-ийн ахмад багш, хүндэт профессор Содном овогтой Намжилдорж 2016 оны 2-р сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

С.Намжилдорж 1938 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрж, 1958 онд Мандалговь хотын 10 жилийн дунд сургууль, 1962 онд МУИС-ийн математикийн салбарыг математикч, математикийн багш мэргэжлээр төгсөөд 1962 оноос 1982 он хүртэл МУИС-ийн Физик-математикийн факультетийн Математик анализын тэнхимд багш, 1982-1987 онд Математик анализын тэнхимийн эрхлэгч,  1987-1995 онд Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, 1986-1996 онд МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал, 1996 оноос МУИС-ийн харъяа Монгол-Туркийн хамтарсан Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирал, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд зөвлөх дэд профессороор ажиллаж, ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулжээ.

Тэрээр МУИС-д ажиллах хугацаандаа математик анализ, функционал анализ, комплекс хувьсагчийн функцийн онол зэрэг ерөнхий суурь мэдлэгийн хичээлүүд, үйлдлийн тоолол, шугаман дифференциал операторын онол, Риманы захын бодлого зэрэг нарийн мэргэжлийн курс заахын зэрэгцээ оюутны бие даах ажиллагааг удирдан чиглүүлэх, математик сургалтыг сайжруулах зорилгоор математикийн мэргэжлийн 13 сурах бичиг, гарын авлага дангаар болон нөхдийн хамт бичиж, 11 ном товхимлыг хянан засварлаж, судалгаа сурталчилгааны 10 орчим өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа сургалтын материаллаг баазыг бэхжүүлж, сургалт, хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулсны үрээр энэхүү тусгай сургалттай  сургуулийн сурагчид их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд амжилттай оролцож, улсын математик, физик, хими, биологийн олимпиадад жил дараалан 10-аас доошгүй алт, мөнгө, хүрэл хүртэж, төгсөгчдөөс нь олон мэргэжилтэн МУИС болон дотоодын бүх хэвшлийн их, дээд, тусгай, дунд сургуулиуд, мэдээлэл, харилцаа холбоо, эдийн засаг, санхүүгийн салбарт амжилттай ажиллаж байна. Монгол-Туркийн хамтарсан лицей сургууль 2004 онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль”, 2008 онд улсын топ сургууль, шилдэг менежменттэй сургууль, 2007 онд Баянзүрх дүүргийн “Тэргүүний сургууль”, 2009 онд Нийслэлийн “Тэргүүний сургууль”, 2012 оны “Шилдэг дунд сургууль”-иар тус тус өргөмжлөгджээ.

С.Намжилдоржийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 ойн медалиуд, Y таван жилийн гавшгайч цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан одон”-гоор тус шагнасан байна. Мөн дэд профессор цол олгож,  МУИС-ийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичсэн.

Ахмад багш, сурган хүмүүжүүлэгч С.Намжилдорж нь манай орны бүх шатны сургуулийн математикийн сургалтын түвшинг дээшлүүлэх, дээд боловсролтой математикчдыг бэлтгэх, их, дээд сургуулийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болох сурах бичиг, гарын авлага зохиох мөн МУИС-ийн харъяа Турк улстай хамтарсан Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургуулийг орчин үеийн лицей сургуулийн түвшинд хүргэх талаар тодорхой амжилт бүтээл гаргаж, Монгол-Турк улсуудын найрамдалт харилцааг боловсролын салбарт бэхжүүлэх, манай улсад дээд, дунд боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг МУИС-ийн эрдмийн хамт олон зохих ёсоор үнэлж байдаг билээ.

Талийгаачийн ажилч хичээнгүй, нягт нямбай, хөдөлмөрч, үнэнч шударга, эгэл даруу, нийтэч, нөхөрсөг зан чанар, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай!

МУИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл,

Шинжлэх ухааны сургууль, Математикийн тэнхмийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар