Монгол улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал англи хэлээр зохион байгуулагдлаа

Share Button

Монгол улс, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2016 оны 3-р сарын 21-нд Монгол улсын ГХЯ, Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Энэтхэгийн соёлын төв болон МУИС-ийн ОУХНУС хамтран “Монгол-Энэтхэгийн 60 жилийн түншлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг англи хэлээр амжилттай зохион байгууллаа.

Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны 2000 гаруй жилийн түүхтэй найрсаг харилцааг онцлоод, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулав. Тэрээр Энэтхэгийн засгийн газар тус улсын их дээд сургуульд суралцах 40-50 тэтгэлэг жил бүр олгодог бөгөөд Улаанбаатар хотноо Мэдээлэл технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв байгуулахад зориулж 20 сая доллар, Монгол улсын дэд бүтцийн салбарт 1 тэрбум долларын зээл олгоод байгааг дурдав.

МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Др. С.Баттулга хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол улсын ГХЯ, Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Энэтхэгийн соёлын төвд талархал илэрхийлэхийн сацуу Монгол улс, Энэтхэг улсын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Хуралд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар урилгаар оролцож, “Ардчиллыг тогтоох нь: Олон улсын туршлага ба дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Тус эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнуудаас “Энэтхэг ба Монгол улсын ардчиллын сургамж ба туршлага” сэдэвт илтгэлээр ОУХНУС-ийн 4-р ангийн оюутан Э.Цэлмэг,  “Үндсэн хууль ардчиллын үндэс болох нь” сэдэвт илтгэлээр ОУХНУС-ийн 2-р ангийн оюутан Б.Чинтүшиг нар тус тус тэргүүн байр, мөн ОУХНУС-ийн 2-р ангийн Ж.Дулмаа, С.Удвал нар дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Энэтхэгийн соёлын төвийн захирал Л.Саянаа эрдэм шинжилгээний хурлыг хааж хэлсэн үгэндээ хурлыг амжилттай хамтран зохион байгуулж, оюутнуудаа идэвхтэй оролцуулсан МУИС-ийн ОУХНУС, тэр дундаа Д.Оюунсүрэн багшид онцлон талархаж буйгаа илэрхийлж, 2016 оны 3-р сарын 26-ний өдөр Монгол, Энэтхэг хоёр орны шашны харилцаа холбооны ач холбогдол болон боловсролын солилцооны өнөөгийн байдал, хэтийн боломжууд сэдвээр монгол хэлээр зохион байгуулагдах оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

IMG_1253 IMG_1263 IMG_1283 IMG_1295 IMG_1308 IMG_1320 IMG_1329 IMG_1335 IMG_1340

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар