МУИС-ийн ХШУИС, ШУС-ын бакалаврын болон ахисан түвшний 10 оюутан, багшийн хамт 2016 оны 3-р сарын 1-10-ны хооронд Японы Мияазакигийн их сургуульд Японы Шинжлэх Ухаан, технологийн газрын санхүүжилттэйгээр хэрэгждэг “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрт оролцоод ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд “Усны нөөц, түүнийг нөхөн сэргээх технологи” сэдвээр хүрээлэн буй орчны мэргэших дадлагат хамрагдан ус цэвэршүүлэх байгууламж, хүрээлэн буй орчны хяналтын шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн.
“САКУРА” хөтөлбөрийг Японы Мияазакигийн Их Сургуулийн проф. Коичиро Шиомори болон МУИС-ийн проф. О.Болормаа нар хариуцаж хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрт оролцогсод хөтөлбөрийн талаарх мэдээллийг өчигдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр оюутан залууст хүргэлээ.
Сакура хөтөлбөрт оролцсон МУИС-ШУС-БУС хими-4 ангийн оюутан Б.Баярбаясгалан өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ:
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Цаг зав аа гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид Сакура оюутан солилцооны хүрээнд Япон орны соёл, ШУ-ны хөгжил дэвшилтэй танилцаад ирсэн байгаа. Бид уг хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх Ухааны музей, Омуто нүүрсний уурхайн музей, Арсени уул уурхайн талбар, хаягдал ус боловсруулах үйлдвэр, хүрээлэн буй орчны хяналтын лаборатори зэргээр явж танилцсан. Мөн түүнчлэн Азийн арсенийн холбооны ерөнхийлөгч Кавахара, Монгол, Япон, Солонгос улсын профессор багш нарын лекцийг сонссон. Соёлын хувьд Ёо-кагура жүжиг, далайн эргээр аялах, кимоно өмсөх зэрэг олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцож олон зүйл таньж, мэдээд ирсэн.
Бид энэхүү программаар явж байх үед нэг зүйл их тод ажигласан тэр нь юу вэ гэхээр монгол болон япон хүмүүсийн хандлага маш зөрүүтэй байсан. Япон орны өндөр хөгжил нь нийт иргэдийн хандлагатай шууд хамааралтай өөрөөр хэлбэл тэр хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөх зан чанартай шууд холбоотой юм байна гэж бид дүгнэсэн. Үүнийг олж харсанаар бид бүхэн маш олон зүйлийг бодож, эргэцүүлж, өөртөө дүгнэлт хийсэн. Илүү зөв хандлагатай, хичээнгүй байх болно гэж бид дор бүрнээ зорилго болгосон байгаа.
Энэхүү программыг зохион байгуулж биднийг удирдсан профессор О.Болормаа, Коичиро Шиомори нартаа баярласан, талархсанаа дахин илэрхийлье хэмээсэн юм.
“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөр нь Хүрээлэн буй орчины судалгаа хийдэг нийт оюутан залууст нээлттэй хөтөлбөр гэдгийг дээрх өдөрлөгийн үеэр танилцууллаа.