МУИС, СҮҮ ХК хамтарсан “Технологийн форум” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал боллоо.

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЭШИХ, Технологи дамжуулах төвөөс үндэсний томоохон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан “Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэл” хэлэлцүүлгийн үеэр их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бодит үр дүнд чиглэсэн ажил хэрэгч уулзалтын тавцан бий болгох зорилгоор “Технологийн форум” цуврал арга хэмжээг зохион байгуулах санаачлага гаргасан юм. Энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхээр анхны “Технологийн форум”-ыг Монголын улсын ууган үйлдвэр СҮҮ ХК-тай хамтран 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 208 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

IMG_8572

Уулзалтын үеэр Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Биологийн тэнхимийн судлаачдын боловсруулж буй “Пробиотик шинж чанартай өсгөвөр ашиглан биологийн идэвхит сүүн бүтээгдэхүүн (тараг, шар сүүний ундаа) үйлдвэрлэх технологи боловсруулах”, “Шар сүүний уураг боловсруулах технологи”, “Сүү ХК-ийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал ба хөгжлийн бодлого”, “Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” зэрэг илтгэлүүдийг танилцуулж, биотехнологийн салбарт гарч буй шинжлэх ухааны ололт амжилтуудыг сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

IMG_8585

Уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, ЭШИХ-ийн дарга А.Сайнбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, ШУС, БУС, Биологийн тэнхимийн проф.Б.Батжаргал, дэд проф. Б.Очирхуяг болон Сүү ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал С.Энхтуяа, Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал М.Болод, Чанар, лабораторийн албаны дарга Ц.Батгэрэл, Технологийн албаны дарга С.Оюунбилэг, Лабораторийн эрхлэгч Б.Оюунтунгалаг, Олон нийтийн харилцааны менежер Б.Алтанзул нар оролцлоо.

Уулзалтын үеэр МУИС болон Сүү ХК-ийн хооронд эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтын хүрээнд буюу “Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэл” хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа.

IMG_8595

Тус санамж бичгийн хүрээнд хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, шинэ технологи хөгжүүлэх, хамтарсан гарааны компани байгуулах; компанийн боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулж, хүний нөөцийн мэргэшүүлэх сургалт хийх; шинэ мэдээлэл хүргэх, уулзалт хийх ажлуудыг МУИС-ийн багш, эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг нарийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон юм.

IMG_8601

IMG_8607

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар