ЭМГЭНЭЛ

Share Button

Энхтүвшин Батболд 4БАТБОЛДЫН ЭНХТҮВШИН

(1952-2016)

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн Батболдын Энхтүвшин 2016 оны 3-р сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.

Б. Энхтүвшин 1952 онд Архангай аймгийн Тариат сумын Сүүл толгой хэмээх газар төржээ. Тэрбээр 1974 онд МУИС-ийг Статистикч мэргэжлээр төгсөж, 1982 онд Москвагийн Статистикийн Их Сургуулийн аспирантурыг суралцаж дүүргэжээ.

Б. Энхтүвшин 1974-1975 онд МУИС-д багш, 1975-1983 онд БНМАУ-ын (хуучин нэрээр) Сайд нарын Зөвлөлийн Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороо, Ардын Боловсролын Яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1986 онд Ардын Боловсролын Яамны орлогч сайд, 1987-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, 1990-1992 онд Ардын Боловсролын Яамны Тэргүүн дэд сайд, 1992-1994 онд Шинжлэх Ухаан, Боловсролын Яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ерөнхий захирал, 1994-1996 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2005-2008 онд БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, 1996-2009 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 1998 оноос Нүүдлийн соёл, иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн захирал,  2009 оноос ШУА-ийн Ерөнхийлөгч, 2013 оноос МУИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр  тус тус ажиллаж байв.

Б. Энхтүвшин 1982 онд “Дээд боловсролын статистик судалгаа, прогнозчлол” сэдвээр доктор (PhD), 1991 онд “БНМАУ-ын боловсролын тогтолцооны статистик судалгааны аргазүй” сэдвээр шинжлэх ухааны доктор (ScD)-ын ажлыг ОХУ-ын Москвагийн Эдийн засаг, статистикийн их сургуулийн эрдмийн зөвлөлд тус тус хамгаалж, 1999 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, Академич хэмээх хэргэм хүртсэн байна.

Б. Энхтүвшин 1991 оноос БНМАУ-д Боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлал, БНМАУ-ын Боловсролын хууль, 1993 оноос Монгол Улсын боловсролын салбарын сектор судалгаа, Боловсролын Мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг ахалж, Монгол Улсын боловсролыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, олон улсын боловсролын хөгжлийн нийтлэг жишигт нийцүүлэх, шинжлэх ухааны салбарын судалгааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааны менежментийг олон улсын практикт нийцүүлэхийн тулд Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулах зэрэг ажлыг удирдаж хэрэгжүүлсэн юм. Тэрээр Монгол Улсад боловсрол судлалын шинэ чиглэл болох боловсролын эдийн засаг, менежментийн онол, арга зүйн үндэс суурийг тавьж, өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг 1979 оноос гүйцэтгэсэн юм. Мөн иргэншил судлалын шавь сургуулийн үндсийг Монгол Улсад анхлан тавьж, харьцуулсан иргэншил судлалын онол, арга зүйн шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлжээ.

Академич Б. Энхтүвшин Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэм судлалын материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчнээр хангах, шинжлэх ухааныг амьдралд нэвтрүүлэх, эрдэмтэд болон тэдний залгамж халааг бэлтгэхэд хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулж байсан шинжлэх ухааны шилдэг зохион байгуулагч эрдэмтэн байв. Тэрээр ЮНЕСКО-гийн Азийн бүсийн боловсролын зөвлөлийн гишүүн, Дээд Боловсролын Олон Улсын Академийн гишүүн, Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гишүүн, Боловсролын судлалаар докторын ажил хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн, Боловсрол судлалаар шинжлэх ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн зөвлөлийн дарга, ОХУ-д сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч зэрэг нэр хүндтэй олон нийгэмлэг, мэргэжлийн зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээн ажиллаж байлаа.

Академич Б. Энхтүвшингийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2006 онд Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээж, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн 2006 онд ОХУ-ын Буриад Улс “Шинжлэх ухааны гавьяат ажилтан” цолоо хүртээжээ.

Таны ажилч хичээнгүй, шударга, туйлбартай зан чанар, алсын хараа, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, бусдад тавих халамж анхаарал, нөхөрсөг, хүнлэг, энгийн элэгсэг харьцаа, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.

МУИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар