Экологийн боловсролын төв бүх насныханд зориулж байгаль орчин, танин мэдэхүйн богино хугацааны өртөөчилсөн сургалтыг жилийн турш зохион байгуулдаг билээ. 2011 оноос эхлүүлсэн энэхүү сургалт өдгөө 40 орчим хөтөлбөртэй болж өргөжин, жил ирэх тусам олонд танигдаж байна.
Бид энэ сард СБД-ийн ЗДТГ-тай хамтран дүүргийн төрийн өмчийн сургуулиудын 3-4-р ангийн суралцагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийг уг сургалтанд хамруулах “Байгаль орчны боловсролыг багаас нь” аяныг эхлүүлээд байна. 2016 оны 5 сарыг дуустал үргэлжлэх уг аяныг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан санаачлан, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд хамрагдсан хүүхдүүд насны ангиллын дагуу ЭБТ-ийн музей, цэцгийн хүлэмжтэй танилцан, танин мэдэхүйн өртөөгөөр аялах юм.
Хүүхдүүдийг байгальд ойртуулах, түүнийг бодитоор мэдрүүлэх, мөн хүүхэд багачуудад байгалийг танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлэх, зүй зохистой харьцахын үндэс шалтгааныг таниулах зорилго бүхий энэхүү аянд дүүргийн 6000 гаруй хүүхэд хамрагдана.