Инженер технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн дунд зохион байгуулагддаг Техникийн зураг зүйн улсын III олимпиадад ХШУИС-ийн баг /Удирдагч багш: Ц.Батчулуун PhD, Т.Мөнхбат MSc, Оюутан: Б.Элбэг СЭХ-2, Б.Өсөхбаяр ЦИ-2, Д,Долзодмаа ЦИ-2, М.Отгон-Үжин НИ-2, О.Ундрам НИ-2/анх удаагаа оролцлоо.
Тус олимпиадын зорилго нь оюутнуудад инженерийн зураг зүйн шинжлэх ухааныг сурталчлах, хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэх, багш, оюутны мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын арга барилыг чанаржуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.
Энэ удаагийн 3 дахь олимпиад 2016 оны 4 дүгээр сар 23 –ны өдөр ХААИС дээр зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Механик Тээврийн Сургууль, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль, ХААИС-ийн Инженер Технологийн Сургууль, Агроэкологийн Сургууль, Тээврийн Дээд Сургууль, Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд сургуулиудын 10 баг оролцов.
Багийн дүнгээр ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн баг 1-р байр, ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургууль, Механик Тээврийн Сургуулийн багууд 2,3-р байруудыг эзэлж, манай сургуулийн баг 5-р байр эзэлсэн байна. Б.Өсөхбаяр хувийн амжилтаар 4-р байр эзлэв.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудынхаа цаашдын сурлагад өндөр амжилт хүсэхийн хамт инженерийн хэл болсон зураг зүйн шинжлэх ухаанд шимтэн суралцахыг нийт оюутнуудад уриалж байна.