МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий болон дэд хорооны гишүүдийн сургалт семинар боллоо

Share Button

МУИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлын хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 22-нд сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд МУИС-ийн удирдлагын төлөөлөл, ХИШУС-ийн захирал, БС-ийн захирал, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албаны эрхлэгчид оролцсон бөгөөд хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүн, тэнхимийн эрхлэгч, багш, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нарын төлөөллөөс бүрдсэн 58 хүн хамрагдлаа.

Тус үйл ажиллагааг сургалт эрхэлсэн дэд захирал Г. Баярмагнай нээж, МУИС-ийн захирал Р. Бат-Эрдэнэ “МУИС-ийн алсын хараа, стратеги, сургалтын хөтөлбөр” сэдвээр, Япон улсын Токиогийн технологийн их сургуулийн судлаач Ямагүчи Шинобу “Overview of Tokyo Tech and the Education Reform” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийн өмнө бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албаны эрхлэгч нар бакалаврын сургалтын төлөвлөгөөг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч анхаарах зарим асуудлуудын талаар санал гаргав. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Бүрэлдэхүүн сургуулийн шаардлага”-ыг “Хөтөлбөрийн шаардлага” болгон өөрчлөх Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан “Мэргэжлийн суурь”-ийг хэрхэн шинэчлэн сайжруулах талаар семинарт оролцогчид багаар ажиллан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүн Ц. Амартайван (ШУС-ийн БУС-ын дэд захирал) “Оюутан эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлага” сэдвээр, Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүн дэд профессор Д. Рэнцэнмядаг хөтөлбөрийн харьцуулалтыг “Хими хөтөлбөр”-ийн, БС-ийн сургалтын албаны эрхлэгч Б. Даваасүрэн “Бизнесийн сургуулийн хөтөлбөр, мэргэжлийн суурь хичээл” сэдвээр тус тус сургалт танилцуулга хийв.

Семинарын төгсгөлд оролцогчид “Хөтөлбөрийн хорооны түр журам”-ыг хэрхэн сайжруулах талаар багаар ажиллан санал бодлоо солилцон нэгтгэж хөтөлбөрийн ерөнхий хороонд уламжлав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар