МУИС, “Монос” группийн хооронд судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ 2011.02.28-ны өдөр байгуулагдсан ба “Ургамалын цай, түүнийг бэлтгэх арга” нэртэй, МУ-ын шинэ бүтээлийн №3965 тоот патентийг хамтран эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцож “Патентийн лицензийн гэрээ”-г 2015.01.29-ний өдөр тус тус байгуулсан. Лицензийн гэрээний үр дүнд Монос Хүнс ХХК-д үйлдвэрлэгдэж буй “100 наслаарай” цай нь зах зээл нэвтрээд богино хугацаа өнгөрч байгаа боловч аль хэдийн хэрэглэгчдэд танил болоод байгаа билээ.
Дээрх гэрээний хэрэгжилтийн явцыг харилцан дүгнэх, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх зорилгоор МУИС-“МОНОС ГРУПП” ХХК хамтран “Түншлэлийн хөгжил” хамтын ажиллагааны уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр МУИС 1-р байр 208 тоот өрөөнд зохион байгууллаа.
Уулзалтад МУИС-ийн Захирал Р.Бат-Эрдэнэ, МОНОС ГРУПП-ийн Ерөнхийлөгч Л. Хүрэлбаатар болон бусад дэд захирал, менежер, судлаачид оролцлоо.
Дээрх уулзалтаар “100 наслаарай цай”-ны маркетингийн концепц ба 2015 оны борлуулалтын талаар Монос Хүнс ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Н.Түмэннаст, Судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны ололт, амжилтын талаар проф.Ж.Батхүү нар сонирхолтой илтгэл танилцуулсан юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааны үр дүнг харилцан дүгнэсний үндсэн дээр эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг зөвхөн бизнест төдийгүй нийгэмд үр ашигтайгаар нэвтрүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уламжлалт хэрэглээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, талуудын цаашдын хөгжлийн зорилгод хэрэгжүүлж болох олон шинэлэг санал санаачлага гаргаж, тодорхой чиглэлд хамтын ажиллагааны гэрээг байгуулах боломжийн талаар санал солилцлоо.