МУИС-д хэрэгжиж буй DIES-ийн төслийн “Мэдээллийн Технологийн дэд бүтцийг хөгжүүлэх нь” дэд зорилтын явцын талаар

Share Button

dies_graphik2014 оноос МУИС, ХБНГУ-ын Халлегийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургууль хамтран Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) санхүүжилтээр хэрэгжүүлж буй DIES төслийн гишүүдийн хамтарсан 3 дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг МУИС-д 2016 оны тавдугаар сарын 30-аас зургадугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор уг төслийн “МТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх нь” дэд зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэж байна.

Их сургуулийн ихэнх үйл ажиллагаа, үйлчилгээг хөнгөвчлөх, чанаржуулах, найдвартай, ил тод хяналттай болгох асуудал нь тухайн сургуулийн Мэдээллийн технологи (МТ)-ийн дэд бүтцийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. МТ-ийн системүүд, үйлчилгээнүүдийн зорилго нь их сургуулийн удирдлага, оюутан, багш, судлаач, төгсөгч, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг шаардлагатай програм хангамж, системүүд, э-сургалт, мэдээлэл, холбоо харилцааны технологиор дэмжих явдал юм. МУИС-д хэрэгжиж буй DIES-ийн төслийн “МТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх нь” дэд зорилтын зорилго нь Герман улсын 500 жилийн түүхтэй Халлегийн их сургуулийн МТ-ийн дэд бүтэцтэй танилцах, туршлага судлах, зөвлөгөө авах, МУИС-ийн МТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх боломжуудыг олж харах, хамтарч хэрэгжүүлэх явдал юм.

Уг дэд зорилтын хүрээнд Халлегийн их сургуулийн Мэдээллийн технологийн үйлчилгээний төв (IT service center)-ийн дарга Д-р Frank Wossal, тус төвийн мэдээллийн технологийн администратор Kristina Haase болон МУИС-ийн МТ-ийн албаны мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн чиглэлийн багш нар хамтран МУИС-ийн МТ-ийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, дараах багц асуудлын талаар туршлага судлан мэдээлэл солилцсон байна. Үүнд:

  • МТ-ийн бодлогын бичиг баримт боловсруулах;
  • Сүлжээний дэд бүтэц, серверийн өрөөний тоноглол, зохион байгуулалт;
  • Э-сургалтын системийг нэвтрүүлэх алхмыг эхлүүлэх;
  • Мэдээлэл, сүлжээний аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагааг хангах;
  • Хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээг сайжруулж, холбоотой системүүдийг хөгжүүлэх;
  • SISi мэдээллийн системийн модулууд, эрдэм шинжилгээ, удирдлагын мэдээллийн системүүд;
  • Бусад.

Өнгөрсөн хугацаанд Германы талаас өгсөн санал зөвлөмжийн дагуу МУИС-ийн МТ-ийн бодлогын бичиг баримтын төсөл боловсруулах, шаардлагатай мэдээллийн системүүдэд хэрэгжүүлэх арга зам, нэг эрхээр МТ-ийн ихэнх үйлчилгээг авах технологийг судлах, хэрэгжүүлэх, МТ-ийн системүүдийн найдвартай ажиллагаа сайжруулах, шинэ мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, утастай болон утасгүй сүлжээ бүрэн нэвтрүүлэх, сүлжээний орчин, интернетийн хурд сайжруулах гэх мэт ажлуудыг туршлага солилцон, хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр шинэ номын сангийн барилгын сүлжээний дэд бүтэц, серверийн өрөөний тоноглол, цахим сургалтын системийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн үйл ажиллагааны бизнес процессыг тодорхойлох тал дээр санал солилцон, туршлага судалж зөвлөгөө авахаар бэлтгэж байна.

МУИС-ийн Мэдээллийн Технологийн Алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар