Өчигдөр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун МУИС-ийн захирал С.Төмөр-Очиртой уулзан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцож “ Шинээр олдсон халхын ноёдын хүрдэн зураг”, “Хүннүгийн түүх соёл”, “Сибирь ба Монгол” зэрэг тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан шинэ бүтээлийнхээ дээж болох 30 гаруй номыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд бэлэг болголоо.
Мөн тус уулзалтанд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Түмэн нар хүрэлцэн ирсэн юм. Монгол судлалын гол салбар болох түүх, археологи, хэл соёлын хамтарсан энэхүү уулзалтаар хамтын судалгаагаа өргөжүүлж цаашид хамтран бүтээл гаргах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, залуу монгол судлаачдын тэтгэлгийг өргөжүүлэх, гадаад харилцаа, менежментийг сайжруулах зэрэг монгол судлалыг хөгжүүлэх олон асуудлаар ярилцав.
Ийнхүү МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүхийн хүрээлэн нь монгол судлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна. Өнгөрсөн онд хамтран “Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий түүх”, “ Хүннүгийн түүх соёл”, “ Түүх сөхөхүй” зэрэг 5 номыг хэвлэн гаргасан билээ.