МУИС-ийг 2015-2016 оны хичээлийн жилд 2418 бакалавр, 354 магистр, 8 доктор амжилттай дүүргэж, өнөөдөр МУИС-ийн удирдлага, эрдэмтэн профессоруудаас ромбо дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Эрдмийн баяр нь зөвхөн төгсөгчдийн төдийгүй өндөр мэдлэг ур чадвартай дээд боловсролтой иргэдтэй болж буй нийт ард олны бахархлын өдөр бөгөөд өнөөдөр төгсөгчид, тэдний ар гэр, МУИС-ийн хамт олон хуран цугларч өргөн дэлгэр болж тэмдэглэлээ.
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Залуу идэр насны цог золбоо дүүрэн оюутны амьдарлыг туулж ажил хөдөлмөрийн шинэ гараагаа эхэлж байгаа оюутнуудын маань энэ эрдмийн баяр бол та бидний хамтын баяр юм. Төрөлх сургуулийнхаа нэр хүндийг эх орондоо төдийгүй дэлхийд алдаршуулагч олон төгсөгчдөөрөө бид цаг ямагт бахархаж байдаг. Монгол улсын их сургуулийн нэрээр овоглосон олон улсын эрдмийн хамт олонд танигдаж хүн төрөлхтөний оюуны санд, эх орныхоо нэрээр нэрлэгдсэн хувь хандиваа оруулж байгаа эрдэмтэд нэмэгдсээр байгааг дурьдан хэлмээр байна. Та бүхнийг тосон угтаж буй ирээдүй сорилт боломжоор дүүрэн байгаа. Аливаа сорилтыг даван гарах гарц байнга байдаг. Үүнд МУИС-д суралцах хугацаандаа эзэмшсэн боловсрол, энэ гарцыг олж амжилтад хүрэх түлхүүр тань болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр МУИС-ийг төгсөж байгаа та нар маань үе үеийн төгсөгчдийн бахдам уламжлалыг үргэлжлүүлэн ирээдүйгээ нэр төртэй цогцлуулж, Монгол улсынхаа нэрийг дуурсгасан их нээлт, амжилт бүтээлийн эзэд болно гэдэгт төрөлх сургуулийн хамт олон бид итгэл төгс байна хэмээлээ.
Төгсөгчдийн баярын парадаар үүдээ нээсэн ёслолд зөвхөн төгсөгчид төдийгүй МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.
Амьдралдаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байгаа төгсөгчид та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.