МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэхэд холбогдон үүсэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын дагуу 2016 оны 06 дугаар сарын 28-ны А/162 тоот Захирлын тушаалаар гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн санхүүжилт, захиалгаар МУИС-ийн дангаар болон хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, гэрээт болон сонгон шалгаруулалтын ажил, лицензийн гэрээ зэргээс шимтгэл тооцох замаар МУИС-д шууд бус зардлын хуримтлал бүрдүүлж, түүнийг зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах “Судалгааны санхүүжилтээс МУИС-д шууд бус зардлын хуримтлал бүрдүүлэхэд баримтлах журам”-ыг батлан мөрдөхөөр боллоо.
Судалгааны санхүүжилтийн шууд бус зардалд (overhead) төсөл хөтөлбөр, сонгон шалгаруулалтын ажил, лицензийн гэрээ болон бусад гэрээт ажлын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын мэргэжилтнүүдийг урих, зочид буудал захиалах, улсын хилийн бүсэд болон тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах, дээж материал хилээр нэвтрүүлэх зэрэг шаардлагатай зөвшөөрлийг авах, холбогдох яам, агентлаг, газруудад хандаж албан бичиг хүргүүлэх, шинээр төслийн санал боловсруулах, төслийн мэдээллийн сан бүрдүүлэх, төслийн зарлалын системийн лицензийн төлбөр, судалгааны тоног төхөөрөмжийн тогтмол зардал, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон бусад холбогдох зардлууд хамаарна.
Шууд бус зардлын шимтгэл нь төслийн нийт төсвийн 5 хувиас багагүй, 15 хувиас илүүгүй байхаар журамд тусгасан бөгөөд уг хуримтлал нь их сургуулийн сургалт, судалгааны орчин, материаллаг нөхцлийг сайжруулах, багш, ажилтан, ахисан түвшний суралцагчдын өндөр чансаатай эрдэм шинжилгээний бүтээлийг урамшуулах, гарааны компанийг дэмжин санхүүжүүлэх, МУИС-ийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийх, судалгааг дэмжих, төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай байгууллагын болон захиргааны дэмжлэг үзүүлэхэд холбогдон гарах үйл ажиллагаанд зарцуулагдана.
ЭШИХ
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/06/06-28-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D0%BC%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%BC.pdf”]