Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохиогддог, заалны хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнд зүй ёсоор тооцогдох ДУУЛИАН 2020 тэмцээний 2011-12 оны улирал эхлээд удаагүй байна. Оюутны насны ангилалд нийт 14 баг 2 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг 2 жил өнжсөний эцэст B хэсэгт Улаанбаатар ДС, ХААИС, ШУТИС БИАС, Отгонтэнгэр ИС, Дотоод Хэргийн ИС-ийн багуудтай өрсөлдөж байна.
МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ЭЗС, НШУС, МКС, ФЭС, ОУХС, ГГС-ийн оюутнууд багтаж байгаа бөгөөд багийн дасгалжуулагчаар МУИС-ийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй ажиллаж байгаа юм. МУИС-ийн баг одоогоор хэсэгтээ 2 тоглолт хийсэн бөгөөд эхний тоглолтдоо өнгөрсөн жилийн тэмцээний мөнгөн медальт ШУТИС БИАС-ийн багтай тоглож 2:1-ийн харьцаатайгаар хожигдсон хэдий ч дараагийн тоглолтондоо Дотоод Хэргийн Сургуулийн багтай талбайд нь тоглож 3:3-аар тэнцжээ. Одоогоор МУИС-ийн багийг оруулсан гоолын тоогоороо ЭЗС-ийн оюутан Болор-Эрдэнэ болон Мөнхболд нар тус бүр 2 гоол оруулсан амжилтаараа тэргүүлж байна.
Энэхүү тэмцээнд оролцох нөхцөл бололцоогоор хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн захиргаа болон МУИСОХ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлэхийн ялдамд тэмцээнд оролцож байгаа тамирчиддаа амжилт хүсье.