ЭМГЭНЭЛ

Share Button
unnamed
РАДНААСЭДИЙН САНЖААСҮРЭН (1936-2016)

Монгол Улсын Гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Раднаасэдийн Санжаасүрэн 2016 оны 8 сарын 16-ны өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзэж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, хагацал тохиолдлоо.

Р.Санжаасүрэн нь 1936 онд Ховд аймгийн Дарви суманд  төрж, 1954 онд Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, 1959 онд Москвагийн  Улсын Их Сургуулийг химич мэргэжлээр төгссөн бөгөөд 1972 онд Москвагийн Их Сургуульд “C4AF-ийн гидратжилт, структур үүсэлтийн судалгаа” сэдвээр химийн ухааны дэд доктор, 1989  онд Ленинградын Силикат химийн институтэд “Нам температурын цементийн физик химийн судалгаа” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.

Тэрээр 1959-1973 онд МУИС-д химийн багш, тэнхимийн эрхлэгч, 1973-1978 онд мөн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хичээл ангийн эрхлэгч, 1978-1982 онд Ардын Боловсролын Яамны сайд, 1982-1984 онд МУИС-д химийн багш, 1989-1992 онд ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт эрдэм шинжилгээний ажлын хэлтсийн дарга, 1994-1997 онд Шинжлэх Ухаан, Боловсролын Яаманд шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, 1992-2015 онд МУИС-ийн Химийн факультетэд профессор, Шинэ материалын хими-технологийн төвийн захирлаар тус тус ажиллаж байв.

Профессор Р.Санжаасүрэн МУИС-д физик-хими, коллойд хими, цемент-силикат материалын хими-технологийн чиглэлийг анхлан хөгжүүлэх суурийг тавьж, холбогдох сургалт, судалгааны лаборатори, төвүүдийг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт залуу боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд бодитой хувь нэмэр оруулсан үндэсний эрдэмтний нэг юм. Түүнчлэн, Монголын цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулж, гарцыг нэмэгдүүлэх, шинэ технологи боловсруулах, байгалийн түүхий эдээс шинэ материал гарган авах чиглэлийн судалгааг олон жил удирдан явуулж, шавь сургалтыг үндэслэсэн бөгөөд эрдэм шинжилгээний  350 гаруй бүтээлийг гадаад, дотоодын нэр хүндттэй сэтгүүлд хэвлүүлсэний дотор нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, ном товхимол 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 290 орчим, шинэ бүтээлийн патент 10, стандарт 7-г тус тус батлуулсан байна.  Сургалт судалгааны ажлынхаа хүрээнд боловсролын болон шинжлэх ухааны доктор 20 гаруйг удирдаж хамгаалуулсан манай орны тэргүүлэх эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч нэг, тэрээр 2000 оноос Ази, Номхон далайн орнуудын Материалын Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдон ажиллаж байсан байна.

Профессор Р.Санжаасүрэн эх орондоо боловсролын салбарыг хөгжүүлэх, салбарынхаа шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэхийн төлөө өөрийн эрдэм боловсрол, авъяас билэг, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө бүрэн зориулан, аливаад шулуун шударга, тууштай ханддаг, хамт олон, найз нөхөд, шавь нартаа бодитой үлгэр дууриал үзүүлэн, бидний бахархал болсон шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байсан.

Профессор Р.Санжаасүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж, 1983 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 1996 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, 1996 онд “Алтан Гадас” одон, 2001 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн” одон, 2008 онд “Монгол Улсын Гавъяат Багш” цолоор тус тус шагнасан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, хүнлэг, нөхөрсөг, тууштай зан чанар бүхий гэгээн дүр төрх нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Профессор Р.Санжаасүрэн багшийнхаа үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар