МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн 74 дах удаагийн хичээлийн шинэ жилийн  нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор  Р.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат, БСШУС-ыг дэд сайд Ё.Отгонбаяр болоод МУИС-ийн удирдлагууд оролцон оюутнуудад баяр хүргэж сурлагын амжилт хүсэн ерөөлөө.

8

Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал доктор Р.Бат-Эрдэнэ хэлэхдээ:

МУИС-ийн оюутан суралцагч та бүхэн сургуульд элсэн орхоосоо эхлээд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд академик ёс суртахууныг зөв хэвшил болгоход хамтран ажиллах учиртай. Энэ хичээлийн шинэ жилийн хугацаанд МУИС анхны хиймэл дагуулыг хөөргөнө. Дэлхийн тэргүүлэх их сургууль MIT, Harvard, Stanford их сургуулиудтай хамтын ажиллагаа үргэлжилж Global start up хөтөлбөрийн хувьд эдэлдэг онцгой боломжууд манай оюутан багш нарын өмнө улам бүр нээлттэй болж байна. Та бүхэнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж эрдэм оюунаа арвитгаж бүтээл арвин байхыг хүсье” хэмээсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат  дээрх хэлсэн үгэндээ:  “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулж, гурван жилийн дараа гэхэд 150 орчим мянган оюутан хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь өрхийн орлогыг дэмжсэн, боловсролд зориулсан оновчтой хөрөнгө оруулалт болно” хэмээсэн. Мөн “Оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын тулд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олгогчдыг татварын бодлогоор дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдыг ажлын таатай нөхцөлөөр хангах,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх олон зорилтыг  үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Салбарын яам ч их, дээд сургуулийг зөвхөн сургаж, суралцдаг бус, судалгаа, эрдэм шинжилгээний талбар болгохыг зорьж байгаа” гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.

Түүнчлэн МУИС-ийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан жил бүр шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд өөрийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэ жилийн захирлын нэрэмжит шагналыг Биологийн тэнхимийн профессор Б.Баяртогтох нь нийт 5 өгүүллийг Томсон Ройтерсийн Q2 категорийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор олон улсын түвшинд хэвлүүлсэн үзүүлэлтээр тэргүүлж энэхүү шагналыг хүртэж байгаа юм.

11

2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д 4500 оюутан элсэн орсон бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтээр уламжлал болгон МУИС-ийн удирдлагууд урлаг спорт, авьяас, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлсэн, шинээр элссэн Улсын олимпиадад эхний байр эзэлсэн оюутнуудад “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”олгож хичээл сурлагад нь амжилт хүсэж тэтгэлэгийг гардуулан өглөө.

Мөн МУИС-ийн дэргэдэх КҮНЗ-ийн институт МУИС-ийн оюутны үйлчилгээнд зориулан 10 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн хандивыг гардуулан өгсөн юм.

12

Монгол улсын ирээдүй болсон МУИС-ийн оюутан залуус та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.

1 2 3 4 5 6 7 9 10

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар