МУИС-ийн ОУХНУС-ийн багш нар бид 2016 оны 6 сарын 11-12-ны өдрүүдэд Өвөр Монголын их сургуулийн Монгол улсыг судлах хүрээлэнгийн урилгаар Өвөр Монголын их сургууль дээр “Шинэ хэвийн байдал дахь Хятад Монголын хамтын ажиллагааны харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавив. Уг хурлын үеэр хэд хэдэн албан ёсны арга хэмжээ болсон бөгөөд бид тэдгээр арга хэмжээнүүдэд оролцсон болно.
Монгол улсын судлах хүрээлэнгийн албан ёсны нээлтэнд оролцов.
Бид 6-р сарын 11-ны 10 цагаас Өвөр Монголын их сургууль дээр байгуулагдаж буй Монгол улсын судлах хүрээлэнгийн нээлтэнд оролцов. Тус хүрээлэн нь цаашид Монгол улсыг төвлөрөн судалж, Монгол улсын улс төр, макро болон микро эдийн засаг, гадаад бодлогын талаар урт богино хугацааны судалгааны ажлууд гүйцэтгэн, эрдэм шинжилгээний төслүүд хэрэгжүүлэх юм байна.
“Шинэ хэвийн байдал дахь Хятад Монголын хамтын ажиллагааны харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавив
11, 12-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов. Тус хурал нь дараах хоёр хэсэгт хуваагдсан болно. Нэгдүгээр хэсэг нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа”, хоёрдугаар хэсэг нь “Улс төр, гадаад харилцаа болон соёлын солилцоо” гэсэн сэдэвтэй байв.
МУИС ОУХНУС-аас дараах илтгэлүүдийг тавив. Үүнд:
- Н.Алтанцэцэг, доктор, профессор “Монгол Хятадын харилцааг “шинэ хэвийн байдал” бодлого, өнөөгийн Монгол улсын хөгжлийн бодлоготой уялдуулах нь”
- Б.Санжмятав, доктор, профессор “Монгол Хятадын харилцааг “Хятадын шинэ хэвийн байдал”-ын нөхцөлд хөгжүүлэх арга зам
- Ж.Баттөр, дэд профессор “Монгол Хятадын орчин үеийн хотжилтын үйл явц”
- Г.Баасанхүү, ахлах багш “Монгол БНХАУ-ын орон нутгийн гадаад харилцааны хамтын ажиллагааны асуудалд”
- С.Энхцэцэг, дэд проф. доктор “БНХАУ-ын шинэ торгоны замын бодлого ба Монгол улсад үзүүлэх нөлөөлөл”
- И.Оюунсүрэн, ахлах багш “Монгол ба Казакстан улс дахь Хятад улсын имиж ба зөөлөн хүчний бодлого”
- Д.Өнөрмаа, докторант “Ураны салбар дахь Монгол, Хятад, Оросын хамтын ажиллагааны асуудалд”
Мөн тус хурал дээр БНХАУ-ын Өвөр Монголын их сургууль, Бээжингийн их сургууль, Зүүн хойд Азийг судлах хүрээлэн, Энэтхэгийн Нью Дели их сургууль зэрэг их сургууль, хүрээлэнгийн профессор, судлаач нар илтгэл тавьсан болно.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Тус хурлын үеэр МУИС ОУХНУС болон Өвөр Монголын их сургуулийн Монгол улсыг судлах хүрээлэнгийн хооронд хамтран ажиллахаар тохиролцон хамтын ажллагааны гэрээ байгуулав. Уг гэрээнд:
-Хамтарсан судалгаа хийх
-Хамтарсан төсөл хэрэгжүүлэх
-Багш судлаач солилцох гэх мэт чухал заалтууд орсон болно. Уг Гэрээг МУИС-ийн ОУХНУС-ийн захирал профессор С.Баттулга, Өвөр Монголын их сургуулийн Монголыг судлах хүрээлэнгийн захирал профессор Баярмэнд нар үзэглэв.
Хөшөөний нээлтэнд оролцов
Мөн хурлын үеэр манай багш нар Өвөр Монголын сургуулийн нэрт профессор, дэлхийн Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн Чингэлтэйн цээж барималыг Өвөр Монголын их сургуульд нээх ёслолд оролцсон болно.
Ийнхүү тус энэ удаагийн бага хурал нь өндөр үр дүнтэй, практик ач холбогдолтой хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан үйл явдал болсоныг цохон тэмдэглэе.