Монгол Улсын Их Сургууль болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Газарзүйн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн Хот ба бүс нутаг төлөвлөлт болон Газар зохион байгуулалт хөтөлбөрийн 3-р түвшний 35 оюутан багш нарын хамтаар 2016 оны 7-р сарын 19-өөс 7-р сарын 29-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат, Ордос хотуудад хот бүс нутаг төлөвлөлт, газар зохион байгуулалтын сургалтын дадлагын ажлыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хамтарсан дадлагын хүрээнд ӨМӨЗО-ны томоохон хотуудын хот төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дагуул хот тосгодын бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд, өндөр технологи нутагшуулж буй шинжлэх ухаан технологийн парк болон их сургуулийн хотхоны төлөвлөлттэй танилцсан юм.
Энэхүү хамтарсан дадлагаар бид Бугат хотын хот байгуулалтын норм дүрмийг судлан, хотын ногоон байгууламжийн төлөвлөлт дизайнд судалгаа явуулах, Ордос хотын барилга-ландшафтын архитектур төлөвлөлт дэх үндэсний ба орчин үеийн дизайнд харьцуулсан судалгаа хийх, Хөх хотын хот төлөвлөлтийн товчоо зураг төслийн программ хангамж болон төлөвлөлтийн виртуал лабораторид ажиллах зэргээр мэдлэг чадвараа дээшлүүлсэн нь өндөр ач холбогдолтой байлаа.
Очсон хот болгоны хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагууд биднийг найрсгаар хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулж байсан бөгөөд бидний дадлагын ажлыг сэтгэл гарган өндөр түвшинд зохион байгуулсан Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Хайшан, Хөгжилт болон бусад багш нарт талархаж буйгаа энд дурдах нь зүйн хэрэг бизээ.