2016 оны 9 сарын 14-ний өдөр МУИС-д Буддын Судлалын чиглэлээр сурч буй тэргүүний оюутнуудад жил бүр уламжлал болгон олгодог Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах 8 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд болов. Академич Г.Лувсанцэрэн агсаны нэрэмжит тэтгэлэгийг 2008 онд үр хүүхдүүд нь санаачлан буддын судлалын чиглэлээр идэвхи зүтгэл гарган суралцаж буй оюутнуудад олгож эхэлсэн цагаас өнөөг хүртэл МУИС-ийн шашин судлалын салбарын нийт 20 гаруй оюутан тус тэтгэлэгийг гардан аваад байна.
Энэ удаагийн тэтгэлэгийг сурлага, авъяас, идэвхи зүтгэлээрээ манлайлагч шашин судлалын 3-р дамжааны оюутан Чанвит, Н.Наранжин, Ц.Уянга, Ц.Эрдэнэцэцэг, Д.Саруул нар гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Академич Г.Лувсанцэрэн агсаны хүү Л.Батжил, тэнхмийн эрхлэгч Др.Б.Дагзмаа, багш нарын төлөөлөл болон тэнхмийн оюутнууд оролцлоо.