Монгол улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Элчин сайд Ц. Батбаяр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Гаванын Их Сургуульд айлчилж сургуулийн ректор Густаво Кобриеро Суарез, Гадаад харилцааны хэлтсийн дарга Магда Луйза Ривера нартай уулзан Гаванын Их сургууль болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар санал солилцсон. Энэ уулзалтын дараа тус сургуулийн ректор Г.К.Суарез МУИС-ийн захиралд албан захиа ирүүлж боломжтой үедээ өөрийн сургуульд айлчилж 2 сургуулийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохыг урьсан юм.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-д хийсэн айлчлалын багт багтсан МУИС-ийн захирал Р. Бат-Эрдэнэ 2016 оны 09 дүгээр сарын 16-нд тус сургуульд айлчилж хоёр сургуулийн цаашдын харилцааны талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд оюутан болон багш солилцоо, хоёр талын сонирхсон салбарт эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, хэвлэл, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан хурал, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Гаванын Их Сургуулийн товч танилцуулга
Гаванын Их Сургууль Куба улсын нийслэл Гавана хотын Ведадо дүүрэгт байрладаг бөгөөд 1728 оны 1 дүгээр сарын 5-нд байгуулагдсан, улсдаа анхны, Америк тивийн анхны их сургуулиудын нэг юм. Анх шашны сургууль болж байгуулагдсан энэ сургууль өдгөө эдийн засаг, байгалын шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан болон алсын зайн гэсэн 4 гол чиглэлд 18 факультет, 5 салбар, 20 судалгааны төвтэй, улс даяараа зайн сургалт явуулдаг олон талт их сургууль болон өргөжсөн байна. Бакалаврын 32, магистрын 68, докторын 23 хөтөлбөртэй.
Одоогоор 60000 орчим оюутантай, 4000 гаруй багштай ба тэдний 700 орчим нь доктор, 400 орчим нь магистр зэрэгтэй. Сургалтын төлбөр нь 28200 орчим ам.доллар байдаг. Гадаад оюутнууд бүрэн тэтгэлэгээр суралцах боломж бий.
Байгалын шинжлэх ухаан
- Биологи
- Биохими болон Молекул биологи
- Хүнс судлал
- Компьютерийн шинжлэх ухаан
- Эм судлал
- Физик
- Газар зүй
- Инженерийн Физик
- Математик
- Микробиологи
- Хими
Нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухаан
- Урлаг, хэл судлал
- Харилцаа холбоо
- Хууль
- Философи, түүх
- Гадаад хэл
Эдийн засгийн шинжлэх ухаан
- Нягтлан бодох бүртгэл, Санхүү
- Эдийн засаг
- Аялал жуулчлал
Зайны сургалт
“QS” дэлхийн их сургуулиудын жагсаалтаар 2015 онд латин америктаа 83-р байранд байсан бол энэ жил 59-р байранд орсон. Дэлхийн хэмжээнд 701+-д сүүлийн 3 жил орж байгаа. Кубын дээд боловсрол, эрдмийн солилцоо, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд 398 гадаадын их дээд сургууль, 43 академик болон судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй. Куба улсын ерөнхийлөгч тус сургуулийн “Магна” танхимд тус улсад айлчлал хийж буй гадаад улсын төрийн тэргүүн нарыг хүндэтгэн хүлээн авдаг онцлогтой. Их сургуулийн барилга, байгууламжууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна