МУИС нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны томоохон төв билээ. Тус сургуульд шинжлэх ухааны олон салбараар судалгааны ажил явуулдаг бөгөөд тэргүүлэх чиглэлийн нэг нь монгол судлал юм. Тийм учраас МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд монгол судлалыг дэмжин хөгжүүлэх асуудлыг чухал заалт болгон тусгажээ. Сүүлийн үед тус их сургууль дээр “Монголын эртний улсуудын түүх 5 боть, “Монголын нууц товчоо”-дэлхийн ном”, “Нийтээр эзэмших монгол хэл” зэрэг монголын түүх, хэл, соёлын чиглэлээр томоохон төслүүдийг БСШУСЯ, Монгол судлалыг дэмжих сан, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухаан-технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Тэгвэл энэ удаа МУИС өөрийн дотоод эх үүсвэрээр “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” сэдэвт төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг төслийг тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнд төвлөрүүлэн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид голлон гүйцэтгэх ажээ.
Тус сурвалж нь Энх-Амгалангийн 10 дугаар он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн, эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм. Бүгд 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ. Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөх ба дараах үеийн Монгол, Манж, Төвдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам, 17 дугаар зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингээс өмнө ба дараах үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн юм.
Монгол судлал бол монгол орон, монголчуудын түүх, хэл соёлыг танин мэдэх гүүр болоод зогсохгүй гадаад ертөнцөд сурталчлах чухал хөшүүрэг билээ. Төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэх шат дараалсан шийдвэр гаргаж, үйл ажиллагааг эрчимжүүлж буй өнөө үед Монгол Улсын сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх төв МУИС ч энэ бодлогыг бүтээлчээр хэрэгжүүлж, эрдэмтэн багш нарынхаа оюуны нөөцөд түшиглэсэн томоохон судалгааг дэмжин санхүүжүүлж байна. Тус төслийн үр дүнд эх бичгийн цогц судалгааны 12 боть бүтээл гарах юм байна.