
МУИС-ийн гадаад оюутны төгсөлтийн баяр 5-р сарын 31-нд эрдмийн дугуй танхимд боллоо. Өвөрмонголын авъяаслаг оюутнуудын тоглосон морин хуурын уянгалаг аялгуугаар эхэлсэн уг төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, МХСС-ийн захирал Ж.Баянсан болон бусад багш оюутнууд оролцов.
Энэ үеэр Монгол хэлний бэлтгэл курсээ амжилттай дүүргэсэн 15 орны 60 оюутанд гэрчилгээ олгож, мөн бакалаврын түвшинд суралцаж буй шилдгүүдэд батламж гардууллаа. Мөн чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлийг үеийн нөхдөөсөө илүү сайн сурсан БНХАУ-ын оюутан Guo Yi Hua, Япон улсын оюутан Kono Kauro, БНСУ-ын оюутан Lee Dong Hoon нар шилдэг суралцагчийн өргөмжлөлөө хүлээн авав. Эдгээр оюутнууд хичээл заасан багш нартаа талархлаа илэрхийлж, үеийн найз нартаа монгол хэлээ үргэлжлүүлэн сайн сурахыг хүслээ.
Бүтэн жилийн хичээл зүтгэлээ ийнхүү үнэлүүлсэн эдгээр төгсөгчдийн зарим нь үргэлжлүүлэн МУИС-д бакалаврын төвшинд суралцаж, хагас нь өөр мэргэжлээр монголын бусад их дээд сургуульд элсэж, үлдсэн хэсэг нь эх орондоо очин, улс үндэстнээ Монгол оронтой холбох гүүр болон ажиллах юм байна.