МУИС-ийн Газарзүйн салбарын үндэс суурь 1956 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд анх байгуулагдсан цагаас эхлэлтэй бөгөөд Багш нарын факультет нь 1958 оноос байгалийн ухааны факультет болж өөрчлөгджээ. Газарзүйн салбарын анхны тэнхимийн эрхлэгчээр төрийн соёрхолт академич Шагдарын Цэгмид ажиллаж байв.
- 1960 оны 4-р сарын 11-нд МУИС-д Геологийн салбар байгуулагдсан ба 1967-1970 онд Геологи – Газар зүйн Факультет гэж нэрлэгдэж байлаа.
- 1970 онд МУИС-иас Политехникийн Дээд Сургууль салахад Геологийн салбар Политехникийн Дээд Сургуульд, Газар зүйн салбар МУИС-ийн БУФ-д харьяалагдан өөрчлөгдсөн бөгөөд 1992 онд МУИС-д Геологийн салбар нээгдсэнээр дахин нэгдсэн байна.
- 1998 он хүртэл БУФ-д харьяалагдаж байсан тус факультет нь 1998 оноос Газар зүй–Геологийн Факультет болон салж бие даасан үйл ажиллагаа явуулах болсон юм.
- 2004 онд факультетийн дэргэд Гео экологи – Газрын менежментийн тэнхим байгуулагдаж 3 тэнхимтэй болон өргөжсөн байна.
- 2009 оны 2-р сарын 9-нд МУИС-ийн Захирлын тушаалаар Физик Электроникийн Сургуульд харьяалагдаж байсан Цаг уур, ус судлалын салбар тус факультетийн бүрэлдэхүүнд харьяалагдах болсноор факультетийн бүтэц шинэчлэгдэн Хот төлөвлөлт,Газар зохион байгуулалтын тэнхим, Геоэкологи Орчин судлалын тэнхимүүд байгуулагдаж байжээ.
- 2010 оны 9-р сараас Газарзүй Геологийн Сургууль өргөжиж, Газарзүй-Аялал жуулчлалын тэнхмээс Аялал жуулчлалын тэнхим бие даан , Геологи-Ашигт малтмалын тэнхмээс Ашигт малтмалын тэнхимүүд тус тус бие даасан тэнхим болсон юм.
- 2013 онд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр ШУС-ийн Газарзүйн тэнхимийн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна.
Одоогоор тус тэнхимд бакалаврын түвшинд
- Газарзүй
- Газарзүй-байгаль шинжлэлийн багш
- Хот ба бүс нутаг төлөвлөлт
- Газар зохион байгуулалт
- Газарзүйн мэдээллийн систем ба байгаль орчныг зайнаас тандан судлал гэсэн таван мэргэжлээр мэргэжилтэн, судлаач, багш бэлтгэж байна.
Магистрын түвшинд
- Газарзүй,
- Газарзүйн боловсрол магистр /Салбар дундын/,
- Байгаль орчныг Зайнаас тандан судлал,
- Газрын кадастр,
- Хөрс судлал,
- Хот ба бүс нутаг төлөвлөлт,
- Газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр судалгааны болон мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Газарзүйн докторын түвшинд Физик газарзүй, Нийгэм эдийн засгийн газарзүй зэрэг тодорхой мэргэшсэн чиглэлүүдээр докторын зэрэг хамгаалах боломжтой юм.
ӨНӨӨ ЖИЛ ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН 60-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД 2016 ОНЫ 11-Р САРЫН 18-НД БАКАЛАВР, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, 11-Р САРЫН 25-НД МУИС-ИЙН ЭРДМИЙН ТАНХИМД 10:00-15:00 ЦАГИЙН ХООРОНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. МӨН САЛБАРЫН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХТГЭЛ, ОЙН БАРИМТАТ КИНО ЗЭРЭГ БҮТЭЭЛҮҮД ГАРАХ ЮМ.
Үе үеийн газарзүйн салбарыг төгссөн төгсөгчдийг ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.