2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр МУИС болон ОХУ-ын Москва хотын “Эдийн засгийн дээд сургууль” судалгааны их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр оюутан элсүүлэх, оюутан солилцоо; сургалт зохион байгуулах; хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөр, төсөл, боловсруулах, сургалт, семинар зохион байгуулах; Монгол болон Орос улсын хоорондын түүх, соёл, олон улсын харилцааны чилэлээр хамтарсан судалгааны төв байгуулах; орос хэлний сургалт, албан ёсны шалгалт зохион байгуулах гэх мэт чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн профессор Алексей Александрович Маслов “Russia in Modernized Asia: new challenges and new ideas” сэдвээр оюутан, залуучуудад 2016 оны 11 сарын 1-ний өдөр илтгэл тавьсан бөгөөд цаашид ч тус сургуулиас эрдэмтэн судлаачид ирж тодорхой сэдвээр сургалт, семинар явуулж, илтгэл унших юм.
Тус сургууль 1992 онд шинэ эдийн засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан ба хурдан хугацаанд салбар дундын их сургууль болж өнгөрсөн хорин жилийн хугацаанд 10 дахин томорч Оросын хамгийн өрсөлдөх чадвар сайтай, нэр хүндтэй сургуулиудын нэг болсон байна. Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Перм хотуудад кампустай, 100 гаруй судалгааны төвтэй, 2500 багштай, 27000 оюутантай уг сургууль Компьютерийн шинжлэх ухаан, Эдийн засаг, Санхүү эдийн засаг, Хүмүүнлэг, Менежмент, Математик, Орос судлал, Орос хэл, Нийгмийн шинжлэх ухаан болон Дэлхийн эдийн засаг ба Олон улсын харилцааны чиглэлээр сургалт явуулдаг. Tус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.hse.ru линкээс авна уу