2016 оны 12-р сарын 13-ны өдөр МУИС болон БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд уг санамж бичгийн хүрээнд багш, оюутан солилцох, судалгааны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх , хамтарсан хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулахаар заасан. Мөн хамтарсан судалгаа явуулах гэрээ болон багш, оюутан солилцох гэрээг МУИС-ийн ХШУИС болон Өвөр Монголын ШУТИС-ийн хооронд байгууллаа.
МУИС-ийн ХШУИС нь ӨМШУТИС-тай бүс нутгийн онцлог болон хүнд үйлдвэрлэл хөгжсөн байдлыг харгалзан байгаль орчны нөлөөлөл, хүрээлэн буй орчны инженерчлэл, химийн инженерчлэлийн чиглэлд хамтран ажиллахаас гадна Орчин судлал, Компьютерийн ухаан, Хэрэглээний математик, Химийн инженерчлэлийн чиглэлээр оюутан солилцох, оюутан элсүүлж суралцуулах, багш нараа солилцох, бүс нутгийн болон бусад чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн бололцоо нээгдэж байна.
Тус сургууль манай хэрэглээний математик, статистикийн чиглэлийн судлаачид “Эрдэнэт УБҮ”-т хүдэр олборлох процессийн чанарын хяналт, удирдлагын асуудлаар төсөлд хамрагдаж ажиллаж байсан. Иймд ӨМШУТИС-аас аж үйлдвэр, их сургуулийн хамтын ажиллагааг хэрхэн хангаж буй туршлагыг судлах, хэрэглээний шинжлэх ухаан, үүний дотор хэрэглээний математик, статистикийн арга техникийг үйлдвэрлэлийн процессийн чанарын удирдлагад ашиглаж буй туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
ӨМШУТИС-ийн тухай товч
ӨМШУТИС нь Бугат хотын төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хөгжиж ирсэн техник, технологи, инноваци, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр их сургууль, аж үйлдвэрийн газруудтай хамтын ажиллагааны арвин туршлагатай сургууль юм. Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн их сургууль нь 1956 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аж үйлдвэрийн хот болох Бугатад байрладаг. Байгуулагдаад 50 гаруй жил болохдоо олон төрлийн инженерчлэлийн хөтөлбөрийг гол хөтөлбөрөө болгохын сацуу шинжлэх ухаан, менежмент, эдийн засаг, хуулийн салбаруудын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 20 гаруй мянган оюутантай бөгөөд бакалаврын 52, магистр, докторын 25 хөтөлбөртэй.
Одоогоор тус сургуульд Монгол улсаас 10 гаруй оюутан суралцаж байгаагийн зэрэгцээ цаашид оюутан элсүүлэн авах бүрэн боломжтой байна.