МУИС-ийн ОУХНУС-ийн Бодлогын судалгааны төвийн захиалгаар Монгол улсын гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Ж.Энхсайханаар ахлуулсан судалгааны баг 2016 оны 9 сарын 1-ээс 12 сарын 15-ны хооронд “Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлэв.Төслийн багт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Удвал, судлаач Г.Амартүвшин, ахлах багш Г.Баасанхүү, туслах судлаач У.Мөнх-Оргил нар ажиллалаа.
Судалгааны төслийн гол зорилго нь Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах явц, механизмд тулгарч буй бодит бэрхшээлийг зөв олж тогтоох, манай улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа зүйлүүдийг засч залруулах боломжийг эрэлхийлэх, одоогийн механизмыг илүү боловсронгуй болгох арга замыг тодорхойлохыг чармайх, судалгааны үр дүнд шийдвэр гаргах эрх бүхий холбогдох байгууллагуудад Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох талаар тодорхой санал зөвлөмж гарган хүргүүлэхэд оршсон.
Төслийн хүрээнд өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийх, улмаар Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа холбогдох хууль эрх зүйн баримтуудад баримтын дэлгэрэнгүй судалгаа хийсэн юм.
Судалгааны хүрээнд Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогч төрийн холбогдох байгууллагын эрх бүхий өндөр алба хашиж байсан этгээдүүдтэй уулзаж тусгайлсан ярилцлага хийх, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулсан үечилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах, Монгол улсын хууль эрх зүйн салбарын мэргэшсэн шинжээчидтэй хамтарсан уулзалт хийх зэргээр аргачлалын хувьд бүтээлч хандаж манай улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмд тулгарч буй бодит саад бэрхшээлийг нээн илрүүлэх, асуудлыг обьектив зөв үнэлэн тодорхойлоход оршив.
Тухайлбал, төслийн баг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, С.Оюун нартай ярилцлага хийж, 2016 оны 10 сарын 15-нд “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын эрх зүйн орчны талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, 2016 оны 11 сарын 2-нд гадаад бодлого, аюулгүй байдлын мэргэшсэн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм дахь хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар” өргөтгөсөн хэлэлцүүлэг, 2016 оны 11 сарын 17-нд Монгол улсын УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороотой “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт хамтарсан хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулжээ.
Судалгааны баг гадаад бодлогын шийдвэр гаргах механизмтай холбогдох эрх зүйн зохицуулалтуудад хийсэн дүн шинжилгээ, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмж, саналуудыг хураангуйлах, онцлог, асуудал татсан асуудлуудыг тодотгох, төрийн гадаад бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлага алдахаас урьдчилан сэргийлж соён гэгээрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодорхой санал бүхий ажлууд хийсэн болно.
Төслийн баг судалгааны үр дүнг олон нийтэд хүргэхээр МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төвөөс эрхлэн гаргадаг “Бодлогын мэдээ” сэтгүүлийн анхны дугаарт “Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох шаардлага” сэдэвт хялбаршуулсан өгүүлэл нийтэлж, 2016 оны 12 сарын 1-нд МУИС-ийн ОУХНУС байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Олон улсын харилцааны байдал, төлөв ба Монгол улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох судалгааны асуудалд” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн.
Мөн тус сургуулийн оюутнуудад зориулан 2016 оны 12 сарын 12-нд “Монгол улсын Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын өнөөгийн байдал, түүнийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага, судалгааны ажлын ач холбогдол”-ын талаар нээлттэй лекц уншиж, харилцан ярилцлага өрнүүлэв.
Энэхүү судалгааны үр дүнг товхимол болгон хэвлүүлэх бөгөөд Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын онцлог, түүнийг боловсронгуй болгох асуудлаар бичсэн судалгааны чухал эх сурвалж болно