МУИС-ийн ШУС, ОУХНУС-иас хамтран МУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан “Орос судлал: тулгамдсан асуудлууд, хэтийн төлөв”
сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтийн ажиллагаанд МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны хөрш орнуудын газрын орлогч дарга Д.Хасар, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОСШУТ-ийн захирал Е.Г.Михайлов, ОХУ-ын ЭСЯ-ны соёлын атташе Е.О.Сазонова нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ МУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний бага хурлыг санаачилан зохион байгуулсан ОУХНУС, ШУС-ийн удирдлага, багш нарт хувиасаа болон МУИС-ийн захиргааны нэрийн өмнөөс баяр хүргэсэн. Тэрээр хэлсэн үгэндээ цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж байна гэж онцлон тэмдэглээд МУИС-ийн шинэ номын сан, мэдээллийн төв ашиглалтанд орохоор Орос судлалыг тэнд төвлөрүүлж, бодлогын судалгааны төв болгоход онцгойлон анхаарна хэмээснийг эрдэмтэн судлаачид баяртайгаар хүлээн авав.
Тус хуралд ШУА, ГХЯ, МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн судлаач, эрдэмтэд монгол, оросын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, хэл соёлын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв байдлын талаар илтгэл тавьж хэлэлүүллээ. Хэлэлцүүлэгт ОУХНУС-ийн зочин проф., Дипломатын Академийн захирал онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Дипломатын Академийн Ажлын албаны дарга, Элчин сайд Л.Баттулга нар болон бусад хүн идэвхитэй оролцон ажил хэрэгч санал дэвшүүлсэн. Тухайлбал, Х.Бэхбат: “ Орос судлаачид, сонирхогчид нийлээд энэ судлалыг үндэсний хэмжээнд, зохион байгууллалттай хөгжүүлэхэд чиглэсэн нийгэмлэг байгуулаад хамтын эрх ашгаа хамгаалаад явж болмоор харагдаж байна…. Чингэж хаана хаанаа хүчээ нэгтгэх, зорилго, утга учираа илүү ухамсарлах замаар явбал манай орос судлал урагшлан хөгжих нь дамжиггүй гэж бодож байна” гэв. Хуралд оролцогчид МУИС-ийг түшиглэн орос судлалын төв байгуулах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Хурлын үеэр орос орон судлалтай холбоотой сэдэвчилсэн шинэ ном, сэтгүүлийн үзэсгэлэнг Русский мир сангийн кабинетээс зохион байгуулав.
Хурлын илтгэлүүдийн эмхэтгэл товхимолоор хэвлэн гаргаж байна.