2016 оны 12-р сарын 17-ны өдөр МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” уралдаан 5 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Уралдаанд МУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, МҮИС,УБ Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Монос- ЭЗШУИСургуулиас бүрдсэн 28 багийн 150 гаруй оюутнууд оролцлоо.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, МУИС,БУС, Биологийн тэнхим, Монголын Ботаникийн нийгэмлэг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгууллаа. Уг уралдаан нь Ургамал судлалын хөтөлбөрт багтдаг “Ургамлын биологи”, “Ургамлын ангилал зүй”, “Монгол орны ургамлын аймаг” хичээлийн практик, дадлага болдог бөгөөд их дээд сургуулиудын багш, оюутнууд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ өөрсдийн мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгааны талаар ярилцах, туршлага судлах, харилцан холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой байдаг.
“Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? уралдааныг МУИС, Биологийн тэнхмийн багш, доктор Д. Суран нээж, шүүгчээр МУИС-ийн Биологийн тэнхимийн багш доктор Б.Оюунцэцэг, доктор Д.Нямбаяр, доктор Ш.Оюунгэрэл, ШУА-ийн Биологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхзул нар ажилласан.
Хаалтын үйл ажиллагаанд Монгол улсын гавьяат багш, профессор Ц.Жамсран оролцож оюутан залууст хандаж сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ цаашид жил бүр тэмцээндээ идэвхитэй оролцохыг хүслээ.
Шилдэг баг:
- 1-р байр. МУИС-ийн Биологийн 4-р ангийн “Avengers” баг
- 2-р байр: МУИС-ийн Экологийн 4-р ангийн “Pentaploid” баг
- 3-р байр: МУБИС-ийн Газарзүй-4 “Tamarix” баг
Тусгай байр: АШУҮИС-ийн Эмзүйн-4 “Adonis” баг
Шилдэг оюутнаар МУИС-ийн Ургамал судлалын ангийн 4-р курсын оюутан Н.Отгонсүх шалгарлаа.