ОЛОН УЛСЫН “БИЗНЕС ЗАГВАРЧЛАЛ”-ЫН УРАЛДААНД МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн эдийн засаг, бизнесийн 11 хөтөлбөр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-өөр 2013 оны 4-р сард магадлан итгэмжлэгдсэн юм. Тус байгууллага нь өөрийн гишүүнчлэл бүхий сургуулиадаа 10 бүсэд хуваадаг бөгөөд манай улсын их дээд сургуулиадаас магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд 8-р бүсэд харъяалагддаг.

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн 8-р бүсийн их дээд сургуулиуд (АНЭУ, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц улсын их сургуулиуд)-ын дунд “Business Simulation” буюу “Бизнес загварчлал”-ын олон улсын тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 4-26-ны хооронд анх удаа зохион байгуулагдлаа.


Адил гараанаас эхэлж өрсөлдсөн, сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд тэргүүн байрыг АНЭУ-ын сургууль, дэд байрыг Монгол улсын Отгонтэнгэр сургуулийн баг гутгаар байрыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн баг, шагналт дөрөвдүгээр байрыг Монгол улсын Мандах дээд сургуулийн баг тус тус эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад БСШУС-ын сайд Ж.Батсуурь АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн цом, сертификатыг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулан өглөө.

Уг тэмцээн 8 үеийн туршид гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөд нийцүүлэн, гар утасны зах зээлийн эрэлтийн АНУ, Европ, Азийн зах зээлд өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах, R&D судалгаа, хөгжүүлэлтийг хийх, үйлдвэрлэлээ төлөвлөх, үлдэгдэл, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх, зах зээлийн судалгаа хийх, шийдвэр гаргах, ложистикийн шийдлээ тодорхойлох, татварын өөрчлөлтөд нийцүүлэн шийдвэр гаргах, санхүүгийн эх үүсвэрээ удирдах гэсэн үндсэн хэсгүүдийн хүрээнд шийдвэр гаргаж өрсөлдсөн байна. Ийнхүү тэмцээнд манай баг амжилттай оролцсон нь Монгол оюутнууд дэлхийн жишигт өрсөлдөхүйц мэдлэг, чадвар эзэмшиж буйгаа нотлон харуулсан сайхан жишээ болж байна.


Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутан, тэднийг удирдсан багш нарын баг хамт олонд нь улам их амжилт хүсэн ерөөе.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар