МУИС болон Сөүл хотын Хансунг Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ОУХНУС-н Нийтийн удирдлагын тэнхимийн чадавхийг бэхжүүлэх төсөл 2016-2018 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжиж байна.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд Нийтийн Удирдлагын тэнхимийн багш нар Хансунг Их Сургууль дээр 2017 оны 1 дүгээр сарын 2-оос 30-ны хооронд ажиллалаа. Энэ хугацаанд судалгаа хийх, эрдэм шинжилгээний болон сургалтын материал, ном солилцох, семинар, албан ёсны уулзалтуудад хамрагдлаа. Мөн Хансунгийн Их Сургуульд суралцдаг Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, сургалтын орчин нөхцөл, материаллаг бааз, техник хангамж, оюутанд чиглэсэн үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцлага зохион байгуулав.
Тус төслийн хүрээнд ОУХНУС дээр Кибер боловсролын төв байгуулж, Хансунг Их Сургуулийн эрдэмтэн профессорууд онлайн системээр ОУХНУС-н Нийтийн Удирдлагын оюутнуудад Цахим засаглал, Төрийн захиргааны менежмент хичээлүүдийг заасан ба тэдгээрийн явц, үр өгөөж, багш оюутнуудын оролцоо, техникийн үзүүлэлт, оюутны сэтгэл ханамж, үнэлгээ, үр дүнгийн талаар хэлэлцэн цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй дүгнэн ярилцав. Цаашид олон улсын стандартад нийцсэн “Public Administration” мэргэжлийн сэтгүүлийг хамтран гаргахаар төлөвлөж байна.
Тус төслийг хэрэгжүүлэх санаачлага гарган дэмжсэн төслийн удирдагч МУИС-н дэд захирал Проф. О.Мөнхбатад ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн багш нар, нийт оюутны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхим