ОУХНУС-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төв судалгааны үр дүнг нийтэд танилцууллаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэд өнгөрөгч онд Бодлогын судалгааны төв байгуулагдсан. Тус төвийн зорилго нь аливаа бодлогыг судалгаанд суурилсан, алсын хараатай, үр дүнтэй болгоход дэмжлэг үзүүлэх хийгээд судалгааны байгууллагуудын бодлогын асуудлаарх судалгаа, дүгнэлт, санал зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэхэд оршдог.

Тус төв анхны хоёр төслөө хэрэгжүүлж 2017 оны 2 сарын 8-ны өдөр 9.00-13.00 цагт хэрэгжүүлсэн төслийнхөө судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа. Эдгээр төсөл нь Монгол улсын гадаад бодлого, гадаад эдийн засгийн харилцааны гол тулгамдсан асуудлыг хөндсөн юм.

Тухайлбал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол улсын гавъяат хуульч Ж.Энхсайханаар ахлуулсан баг “Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр судалгаа хийж, гадаад бодлого болон гадаад харилцааны зааг ялгаа бүдгэрэх болсон, шийдвэр гаргалтанд хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар дорвитой шийдэлд хүрэх цаг нь болсон тухай дүгнэлтийг гаргажээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Ж.Гөлгөөгийн ахалсан судалгааны баг Монгол улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа, гадаад эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой Гурван улсын эдийн засгийн коридорын асуудлаар “Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг Монгол улсын гео-эдийн засгийн сонирхолтой уялдуулах нь” сэдвээр хийсэн судалгааны үр дүн, сонирхолтой судалгааны санал, зөвлөмжөө танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ болон төрийн байгууллагууд, албаны холбогдох хүмүүсийн төлөөлөл, судалгааны хүрээлэнгийн судлаачид, их сургуулийн багш профессорууд оролцож нээлттэй сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар