МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимээс санаачлан “Европ судлал: хэл, соёл, олон улс, орон судлал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг ШУА, МУБИС, ХУИС-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр МУИС болон Монгол-Японы төвд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд БСШУСЯ, ГХЯ, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт эрхэлдэг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцож, хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, орон судлал, олон улсын харилцаа, орчуулга судлалын таван салбар хуралд нийт 90 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Европын орнуудын хэл соёл, олон улс, орон судлалын чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг, сургалт судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааг шинэ түвшинд гаргах зорилгоор МУИС-ийн ШУС-ийн ХУС-аас санаачлан ШУА-ийн ОУХХ, МУБИС-ийн НХУС, ХУИС-ийн ХСС-тай хамтран ажиллах санамж бичиг гаргасан билээ. Санамж бичгийн хүрээнд “Европ судлал” сэдэвт ОУЭШ хурлыг жил бүр зохион байгуулахаар тогтож, эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэн гаргахаар ажиллаж байна.