МУИС, Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Шокүикү Бэнтотой харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Монгол улсын их сургуулийг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Д-р. Ч.Нарантуяа, Бизнесийн сургуулийг төлөөлж захирал Д-р. Ц.Болормаа, нөгөө талаас “MZ SHOKUIKU GROUP”-ийг төлөөлж тус группын гүйцэтгэх захирал Сузуки Хироши нар санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал дараах зорилгыг биелүүлэн ажиллах юм.
- МУИС-ийн хичээлийн 7, 8-р байрны хоолны газар буюу МСҮТ-ийн дадлагын бааз дээр хоол үйлдвэрлэл-үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж, багш, ажилтан, оюутнуудыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан Япон технологийн хоол, ундааг зах зээлийн үнээс хямдаар үйлчилнэ.
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн МСҮТ-ийн багш, оюутныг Япон хоолны технологиор мэргэшүүлэх, дадлагажих, ур чадвар сайжируулах.
- Групп нь МСҮТ-ийн багш, оюутнуудыг Япон Улсад дадлагажуулан сургах хөтөлбөрт хамруулна.
- МУИС нь хичээлийн 7, 8-р байрны дадлагын баазын гал тогооны тоног төхөөрөмжийг хоол үйлдвэрлэл-үйлчилгээний зорилгоор ашиглахыг Группт зөвшөөрөх ба ашиглалтын хугацааны эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний зардлыг Групп бүрэн хариуцна.
- Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд 2019 он хүртэл 3 жилийн хугацаанд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах юм.