SIRPA NEWS сэтгүүлийн анхны дугаар гарлаа

Share Button

САНААЧЛАГЧ, ЕРӨНХИЙ РЕДАКТОРЫН ЗУРВАС

Эрхэм уншигч та бүхэнд SIRPA NEWS сэтгүүлийн анхны дугаарыг өргөн барьж байгаадаа туйлын баяртай байна.

Дэлхийн олон орны их дээд сургууль өөрийн гэсэн оюутны тогтмол хэвлэлтэй байдаг жишгийг нэвтрүүлэх талаар олон жил бодож явсан ажил маань МУИС-ийн ОУХНУС-ийн 25 жилийн ой тохиож буй 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжиж, уншигч таны гар дээр ийнхүү очиж байна.

SIRPA NEWS нь ОУХНУС-ийн оюутнуудын оролцоо, сэтгэл зүтгэл, оюун ухааны үр шимээр бүтсэн бөгөөд тус сургуулийн түүхэн дэх анхны оюутны тогтмол сэтгүүл гэдгээрээ онцлог юм. Бид хичээлийн жилийн турш нийт хоёр дугаар гаргаж байхаар төлөвлөж байна.

Сэтгүүлийн анхны дугаараас та бүхэн Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ОУХНУС-ийн захирал Др.С.Баттулга, ахмад дипломат, нийтлэлч Д.Баярхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлагаас гадна Евразийн Эдийн Засгийн Холбоо, Сирийн хямрал, Орос-Туркийн хямрал зэрэг олон улсын харилцааны асуудлаар бичсэн нийтлэл, ОУХНУС-ийн оюутны байгууллага, клубын танилцуулга, хичээлийн жилийн I улиралд болж өнгөрсөн онцлох үйл явдлын тойм зэргийг уншаарай. Мөн Уран зохиолын буланд нийтлэгдсэн “Хорин дөрөв” хэмээх өгүүллэг, Эрүүл мэндийн буланд нийтлэгдсэн АШУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Шүдний Эмнэлгийн дарга АУ-ны доктор, дэд профессор М.Соёлмаатай хийсэн ярилцлага та бүхний сонирхлыг татна хэмээн найдаж байна.

Сэтгүүлийн энэ дугаарт ажилласан бүх оюутандаа, тэр дундаа сэтгүүлийн эхийг бэлтгэх, хянан тохиолдуулах нөр их ажлыг гардан гүйцэтгэсэн П.Номин, Г.Оюунбилэг нартаа гүн талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

SIRPA NEWS сэтгүүлийн дараагийн дугаарт улам олон оюутан бүтээлээ ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлтэй холбоотой аливаа санал шүүмжээ oyunsuren@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

МУИС-ийн ОУХНУС-ийн ахлах багш

Идрэн Д.Оюунсүрэн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар