Хууль зүйн сургууль, Японы эрх зүйн боловсрол, судалгаан төвийн 10 жилийн ой өнөөдөр тохиож эрдэм шинжилгээний бага хурлаа хийлээ. Ойн арга хэмжээнд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Хууль зүйн сургуулийн захирал Ч.Эрдэнэбулган болон Нагояагийн их сургуулийн дэд захирал Ичихаши Кацуяа, Япон улсын бүрэн эрхэт элчин сайд Такаока Масато, Япон улсын боловсролын яамны Химия Наоки нар оролцлоо.
Нагояагийн Их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв 2006 оны 9 сарын 7-нд байгуулагдсан. Анх 20 оюутан, нэг монгол, нэг япон багштай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Тус төвийн төгсөгчид нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр Нагояагийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Магистрын ангид амжилттай суралцаж, бусад төгсөгчид Монгол улсдаа эзэмшсэн мэргэжлээрээ дотоод, гадаадын Хуулийн байгууллагад ажиллаж байна.