ОУХНУС-ийн оюутнууд БНСУ-ын ЭСЯ-нд зочлов

Share Button

2017 оны 3-р сарын 21-ний өдөр БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суны урилгаар ОУХНУС-ийн оюутнууд ахлах багш Д.Оюунсүрэнгийн хамтаар Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-нд зочиллоо. Элчин сайд У Сун хоёр орны түүхэн харилцаа болоод Солонгосын хойгийн асуудлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, элэгсэг дотноор ярилцлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд У Сун оюутнуудад хандан “Монгол, Солонгос хоёр орны найрамдалт харилцаа он удаан жилийн түүхтэй. XIII зууны үед Солонгосын Корё улс 10 оюутныг тухайн үеийн давамгай хэл болох монгол хэлийг суралцуулахаар Монголын Юан гүрэнд илгээж байсан талаар манай улсын түүх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин эдүгээ хоёр орны соёл боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаа бөгөөд хоёр орны засгийн газар хоорондын гэрээгээр маш олон оюутнууд харилцан суралцаж байна. БНСУ-ын зүгээс Монгол улсын боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр цаашид хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд ойрын хугацаанд Монгол улсын 150 гаруй дунд сургуульд тус улсын санхүүжилтээр “Smart classroom” байгуулах болно. Мөн Монгол орны төвийн эрчим хүчнээс алслагдмал бүс нутагт бага оврын цахилгаан станц байгуулах ажлыг судлаж байгаа. Манай ЭСЯ-ны хувьд анх удаа МУИС-ийн оюутнуудыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид ч энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулах хүсэлтэй байгаа бөгөөд ялангуяа ОУХНУС-ийн оюутнууд та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно ” хэмээсэн юм.

Дашрамд дурдахад, БНСУ болон Монгол улсын хооронд анх 1990 оны 3-р сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш манай хоёр орон улс төр, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хурдацтай хөгжүүлсээр ирсэн юм. БНСУ нь монгол иргэд хамгийн ихээр оршин суудаг улсын нэг бөгөөд 2016 оны 12-р сарын байдлаар манай улсын нийт 32800 иргэн тус улсад оршин сууж байгаа бөгөөд үүнээс 10470 иргэн БНСУ-д суралцаж байна.

Б.Бямбаренчин , Т.Номин

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар