“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Өнөөдөр тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцлоо.
Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.