АмЧамын Ментор өдөрлөгт МУИС-ийн оюутнууд оролцлоо

Share Button

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачлагын хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудын 100 оюутныг үнэ төлбөргүй сургалт, лекцэнд хамруулсан “АмЧамын Ментор Өдөрлөг 2017” арга хэмжээг 4-р сарын 1-нд Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центр-т зохион байгууллаа. АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй оюутнууд өөрийн товч танилцуулга, нийгмийн идэвхи, яагаад энэ арга хэмжээнд орох хүсэлтэй байгаа, ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоо товч тодорхой илэрхийлсэн 200 хүртэлх үгтэй эссэг англиар бичиж шалгаруулалтад  хамрагдсан. Эссэний агуулга болон ангил хэлний чадавхаараа МУИС-иас 30 оюутан шалгарч өдөрлөгт оролцсон.

Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын их дээд сургуулиудын 3-4-р курсийн 100 оюутан залууст бүтэн өдрийн турш хувь хүний хөгжил, амжилтанд хүрэх арга зам болон карьер хөгжүүлэлт зэрэг сэдвүүдийн хүрээнд АмЧамын гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болох Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө. Ганзориг, М-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Гантөмөр, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гарретт Вилсон болон Монполимет Группийн гүйцэтгэх захирал Н. Мөнхнасан нарын илтгэлийг  сонсох боломжийг олгосон юм. Мөн энэ арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Биатрис  Кэмп АНУ-д суралцах боломж болон арга замуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Арга хэмжээний хоёр дахь хэсэгт АмЧамын гишүүн Азиа Пасифик Инвестмент Партнерс, Камминс Монгол, Жэйкобс Инженеринг, Хаан банк, Голомт банк, Оюу Толгой, Орифлэйм Монгол, ПрайсуотерхаусКуперс, Тэнгэр даатгал болон Вагнер Ази групп зэрэг компаниудын хүний нөөцийн захирал болон менежерүүд карьер хөгжүүлэлт, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг багийн сургалт семинаруудыг удирдан зохион байгуулсан юм.

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар