ШУС-ийн Химийн тэнхмийн багш Дэд профессор Ш.Наранмандах нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр зэргийн бус сургалтанд хамрагдаж, Япон улсын Сендай хотын Тохоку Анагаах ухаан, Эм зүйн их сургуулийн Эм судлалын лабораторит 2017 оны 1-р сарын 11-ээс 3-р сарын 11-ийг хүртэл 2 сарын хугацаагаар “Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхит нэгдэл, ашигт генийн судалгаа, тэдгээрийн хэрэглээ” сэдэвт хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд иржээ.
Тус судалгааны хүрээнд монгол оронд ургадаг эмийн мөөг болох агил мөөг Fomitopsis officinalis (Vill.ex Fr.), талын цагаан мөөг Tricholoma mongolicum Imai, олслиг халгай Urtica cannabina L -аас ялгасан биологийн идэвхитэй фракцуудыг төрөл бүрийн хроматографийн аргуудыг хэрэглэж цэвэр бодис ялган авч, ялгасан цэвэр бодисуудын бүтцийг тогтоох ажлыг судалсан байна. Мөн задгай баганан хроматографийг нийт 6 удаа, Аналитик ӨМШХ (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)-ийг 52 удаа, Ялгалтын ӨМШХ-ийг 78 удаа явуулж, 390 гаруй фракцуудад салгаж, цэвэршүүлсний дүнд агил мөөгнөөс 13, талын цагаан мөөгнөөс 8, олслиг халгайнаас 26 цэвэр бодис тус тус ялган явсан бөгөөд эдгээр бодисын 13 бодисынх нь Протоны ЦСР, Нүүрстөрөгчийн ЦСР, H-H COSY, HMQC, HMBC зэрэг спектрүүдийг бичүүлж тайлал хийсний дүнд бүтцийг тогтоосон байна.