МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэгч Биатрис Кэмп болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар хатагтай Биатрис Кэмпэд талархал илэрхийлж МУИС-ийн үйл ажиллагаа болон гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч цаашид МУИС зүгээс АНУ шилдэг их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, оюутан, багш солилцооны хөтөлбөр нэмэгдүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дээрх үеэр хэлэв.
МУИС нь дээд боловсролын түвшинд сургалт, ЭШ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор 30 гаруй орны 300 гаруй их, дээд сургууль, АНУ-ын 11 их дээд сургуультай багш, оюутан солилцооны гэрээ байгуулан ажиллаж байна.
“АНУ-аас Монгол Улсад суугаа Олон нийттэй харилцах албаны даргын үүрэг гүйцэтгэгч Биатрис Кэмп АНУ болон Монгол Улсын их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож улмаар МУИС-аас АНУ-д зохион байгуулагдахаар батлагдсан хөтөлбөрүүдэд нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн.”
Өөрөөр хэлбэл МУИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн профессор багш нар, ажилтан, оюутнууд АНУ дахь их, дээд сургуульд мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран ажиллах, туршлага судлах, суралцах боломж улам өргөжих бололцоо бүрдэж байна.