Энэ онд МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхлэсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Түүх сөхвөөс анх МУИС-д 1967-1968 оны хичээлийн жилд Математикийн 3-р ангийн оюутнуудаас сонгон Тооцон бодох математикийн бүлгийг нээснээр компьютерийн үндэсний мэргэжилтэн бэлтгэсэн түүх эхэлжээ. Тус сургууль 1978 онд “Минск-22” тооцон бодох электрон машины лабораторийг байгуулж, Монгол Улсын их дээд сургуулийн сургалтад анх удаа тооцон бодох электрон машиныг сургалтад ашиглажээ. Улмаар 1982 онд Физик, математикийн факультетийн харьяандМУИС-ийн хэмжээнд тооцон бодох электроны програмчлалын сургалтыг эрхлэн явуулах Тооцон бодох арга зүйн тэнхимийг байгуулжээ. 1992-1993 оны хичээлийн жилд Математикийн факультетийн харьяанд Програм хангамжийн инженерийн ангийн анхны элсэлтийг авч, 1993-1994 оны хичээлийн жилд програм хангамжийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтыг эрхлэн явуулах Програм хангамжийн тэнхимийг байгуулсан байна.
ХШУИС-ийн захирлын тушаалаар МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхлэсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг байгуулан дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:
- МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн нэрэмжит Програмчлалын улсын XXVII олимпиад (4-р сарын 14-17-нд)
- МУИС-д Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойн нэрэмжит Програмчлалын үндэсний IX олимпиад (5-р сарын 19-21-нд)
- “МУИС-ийн Компьютерийн сургалт, эрдэм шинжилгээ 50 жил” товхимол хэвлэх (9-р сард)
- Ахмад төгсөгчдийн “Дурсамж” уулзалт (9-р сард)
- Эрдэм шинжилгээний хурал (10-р сард).
- Програм хангамжийн үе үеийн төгсөгчдийн уулзалт (4-р сараас эхлэн сар бүр)
- “Би програм хангамжийн төгсөгч” цуврал лекц (4-р сараас эхлэн сар бүр)
Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс МУИС-ийг Тооцон бодох математик, програм хангамжийн мэргэжлээр төгссөн үе үеийн төгсөгчдийг дээрх арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг урьж байна.